Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэний улсын бүртгэл хариуцсан бүртгэлийн ажилтнууд цахим сургалтад хамрагдаж, мэдлэгээ тэлэв. Өмнөх жилүүдэд Гадаад Харилцааны яамнаас тэднийг сургалтад хамруулж ирсэн. Энэ удаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас цахим сургалт зохион байгуулжээ. Дипломат төлөөлөгчийн газрынхан Иргэний улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, бүртгэл хөтлөхөд юуг анхаарахаа бататгаж авчээ. Мөн иргэний улсын бүртгэлийн программ хангамжийн хөгжүүлэлт болон иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэж буй маягт, гэрчилгээний үнэт цаасны зарцуулалт, төлбөр тооцооны тайлан хэрхэн гаргах зэрэг сэдвээр тархиа цэнэглэлээ. Өөрөөр хэлбэл, иргэний улсын бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон иргэний улсын бүртгэлийн газраас 2021 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллийг бүрэн авчээ. Сургалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын 46 бүртгэлийн ажилтныг хамруулсан байна. Цаашлаад иргэний улсын бүртгэлийн газраас хэд хэдэн холбогдох асуудлаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хамтран ажиллахаар болсон гэнэ.