Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Алтанцаг гэх хүнд холбогдох, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн, эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэн шийтгэсэн билээ. Энэ үеэр Кёкүшюүзан Д.Батбаяр “Бусдад гүтгүүлсэн гэдгийг минь шүүх тогтоолоо” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан ч тэр нь худлаа болж таарсан юм. Өмнө нь бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж байсан Ц.Алтанцагт холбогдох хэргийн хохирогч нь Кёкүшюүзан Д.Батбаяр болон иргэн Б.Цэрэндорж нар бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.12-1 дэх хэсэгт заасан “Бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн”, 17.6-1 дэх хэсгийн “Эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн” хэмээн Ц.Алтанцагт яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Цэрэндорж нартай “Эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” хэмээн 2-3 удаа уулзахдаа нууцаар бичлэг хийж, түүнийгээ эвлүүлэн хэвлэлээр тараана хэмээн сүрдүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд 35 сая төгрөг авсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж бусдыг мөшгөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрдөн мөшгөсөн үйлдэлд нь нэг, далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт гурван жил хорих ял оноож, нийт дөрвөн жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр шийдвэрлэж, 35 сая төгрөг гаргуулан Кёкүшюүзан Д.Батбаярт олгохоор болсон юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Ц.Алтанцагт холбогдох хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.