АН-д үүсээд буй асуудал болон Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам оролцож чадахгүй нөхцөл үүсээд буй талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ыг хувааж, хоёр талд суучихаад байгаа нөхдийг эвлэрүүлэх зөвшилцлийн санал гаргасан. Уулзалт хийх санал хүргүүлсэн боловч өнгөрсөн гурван өдөр дарга нар ирсэнгүй. Нам доторх энэ хагарлаас болоод АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл үүсээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль бол АН-ын дүрмийн эсрэг санаатайгаар зохион байгуулж, баталсан хууль. Манай нам энэ хуулийн “хайч”-нд байгаа гэдгийг ямагт санах ёстой. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл явц гуравхан хоногийн хугацаатай. МАН-ын хувьд дарга нар нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулдаг. АН бол сунгаа явуулж, жирийн гишүүдээрээ сонгуулдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар АН дөрөвдүгээр сарын 30-ны өглөөгүүр нэр дэвшигчдийн материалаа хүлээж аваад, өдөр нь Дотоод сонгуулийн хороо бүртгэнэ. Нэр дэвших эрхээ авсан хүмүүс үдээс хойш нь намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Маргааш нь нэр дэвшигчдээс хэнийг нь АН Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ гэдэг сунгааны санал хураалт болно. Нөгөөдөр нь намын их хурал нэр дэвшигчээ батламжилна. Улс төрийн намууд нэр дэвшигчийн материалаа тавдугаар сарын 2-5-нд СЕХ-нд өгнө. СЕХ нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ гурав хоногт шийдвэрлэнэ.
Ийм шахуу хугацаатай. Үүнд нь амжихгүй бол нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй. Нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд л өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлнэ. Өөр боломж байхгүй. Үүний цаана юу байна вэ гэвэл манай намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орчихоод байна. Нам хоёр даргатай болоод, хоёр нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгүүлэх гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно. Нэг нь тамгагүй, нөгөөх нь цахим бүртгэлд бүртгүүлээгүй гээд хасчихна. Үүнийг олон хүн мэдэж байгаа ч мэдээгүй мэт зүтгэж байна. Өнөөдөр та бүхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө намын гишүүдээ уландаа гишгээд зүтгэж болно. Ирээдүйд намын гишүүд 31 жилийн түүхтэй намыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулаагүй хариуцлагыг та бүхнээс нэхэж яллах болно шүү. Ийм учраас хоёр талыг зохицуулж, нэг нам болгоод, ҮБХ, намын их хурлыг хуралдуулаад өгье. Сунгаагаа болиод намын их хурлаар нэр дэвшигчээ тодруулдаг болъё гээд байгаа юм” гэлээ.
Бэлтгэсэн: А.Амина