НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод манай улс 1981 онд элссэн. Уг конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын тайлангаа гишүүн орон нь дөрвөн жил тутамд нэг удаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж, Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор нь хэлэлцүүлэх үүрэгтэй. Тус хороо 2016 онд манай улсын 8, 9 дүгээр илтгэлийг хэлэлцэн, 16 арга хэмжээг нь сайшаан дэмжсэн бол гурван ажлыг нэн даруй хийх ёстойг дүгнэлтдээ дурджээ. Мөн шаардсан тав, зөвлөсөн 55 арга хэмжээг хэрэгжүүлэхийг манай Засгийн газарт уламжилсан байна. Үүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлаа Засгийн газар 10 дугаар тайландаа дурдан, 2020 онд илгээжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114.2.6-д “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр жил тутамд хэлэлцэнэ” гэж заасан. Үүний дагуу дээрх тайланг тус хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайланг танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Эрүүгийн хуульд зааснаар ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг. Сүүлийн таван жилд ялгаварлан гадуурхсан гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн тохиолдол гараагүй гэж тайланд бичжээ. Тэгэхээр манай улсад ялгаварлан гадуурхалт байхгүй гэсэн үг үү. Эсвэл ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг гэдгийг иргэд мэддэггүй учраас шүүхэд ханддаггүй юм уу. Мөн дээрх конвенцын дагуу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн тоо хэд хүрсэн талаарх тоо бий юү” гэж асуув. Үүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Цагдаагийн байгууллагад ялгаварлан гадуурхалттай холбоотой өргөдөл, гомдол ирүүлээгүй тохиолдолд хэрэг үүсгэн, шалгах боломжгүй. Нэг талаас өргөдөл, гомдол ирүүлээгүй учир шалгаагүй байх, нөгөөтээгүүр, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг тал бий. Түүнчлэн 2020 онд улсын хэмжээнд 23 064 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 26.8 хувиар буурсан үзүүлэлт. Түүн дотор гэр бүлийн хүчирхийллийн 1138 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 15 хувиар буурсан дүн. Гэвч зөрчлийн тоо нэмэгдсэн. Үүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил хамаарна” гэж хариулав. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Орон нутаг дахь төрийн байгууллага, тэр дундаа удирдах албан тушаалтан нь ялгаварлан гадуурхсан тохиолдол сүүлийн жилүүдэд өссөн гэж ХЭҮК-ын судалгаагаар тогтоосон”-ыг энэ үеэр онцолсон юм. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх 676 хамтарсан баг улсын хэмжээнд ажиллаж буй аж. Тус багийнхан 2254 гэр бүл, 4444 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, 650 иргэний аюулгүй байдлыг ханган, 1009 хүнийг эмнэлгийн тусламжид хамруулж, 1263-г нь зохих байгууллагад холбон зуучилсан байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх суурь судалгаа хийдэг үү. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг хангах чиглэлээр тодорхой ажил хиймээр байна. 1 650 000 гаруй эмэгтэйгээс 530 мянга нь л хөдөлмөр эрхэлдэг” гэв. Үүнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Эрүүгийн хуульд тусгасан ялгаварлан гадуурхалттай холбоотой зохицуулалтыг улам боловсронгуй болгож, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр тодорхой заалт оруулахаар төлөвлөсөн” гэж хариулсан юм. Мөн Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх цогц судалгааг сүүлийн 10 жилд хийгээгүй. Жендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайланг 2005 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн. Түүнээс хойш 14 жилийн дараа буюу 2019 онд Жендерийн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлан гаргасан юм. Тус тайланд эмэгтэйчүүдтэй холбоотой суурь асуудлаар томоохон хэмжээний судалгаа, үнэлгээ хийх шаардлагатайг тодорхойлсон. Тиймээс уг судалгааг ХЭҮК-той хамтран хийхээр болж, санхүүжилтийг нь шийдвэрлүүлэхээр зарим байгууллагад хүсэлт тавьсан”-ыг онцоллоо. Түүнчлэн сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн тухай хуульд малчид, ахмадууд, залуус гэсэн бүлэг багтаасан. Гэвч эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлан заагаагүй байгаа учир үүнийг засна” хэмээн хэлж байв. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэйг хамруулсан судалгааны тайлантай танилцсан. Тэдний 61 хувь нь бүрэн дунд боловсролтой бол үлдсэн нь сургуульд суралцаагүй байна. Хүчирхийлэлд өртсөн хэрнээ 70 хувь нь ямар ч дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өгч байгаагүй гэнэ. Зургаан эмэгтэй тутмын нэг нь сэтгэл санааны, гурван хүн тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байгаа вэ. Сонсголгүй, хараа муутай, ярианы бэрхшээлтэй иргэд дуудлага, мэдээллээ олон хэлбэрээр өгөх боломжтой юу” хэмээн тодрууллаа. Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад төр, засгаас онцгойлон анхаарах ёстой. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусгай үйлчилгээ үзүүлэх ажлыг Засгийн газрын Олон нийттэй харилцах төвийнхөнтэй хамтран хийж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг ажиллуулах ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага нь тодорхой хэмжээний төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Хөрөнгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжихэд зарцуулдаг. Үүнийг улам боловсронгуй болгохоор хуулийн төсөлд тусгасан” гэж сайд А.Ариунзаяа хариулав. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Цагдаагийн байгууллагын 102, 107 дугаарын утсанд дуудлага хүлээн авдаг. 102 дугаарын утсанд текст хэлбэрээр мэдээлэл өгөх боломжтой. Харин нөгөө дугаарын утсанд нь олон хэлбэрээр мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа”-г тодотголоо.
Дараа нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг энэ үеэр хөндлөө.