Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнчлэн эл салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Тус холбоонд дэлхийн 192 улс гишүүнээр нэгдсэн бөгөөд төв нь Щвейцарийн Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотод байрладаг аж.
Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталж байжээ. Улмаар 2002 онд тус холбооны дүрмийн 3, 4, 5, 6, 2006 онд долоо, 2011 онд найм, 2019 онд есдүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар тус тус соёрхон баталжээ.
Харин 2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо болж, тус холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталжээ. Энэхүү нэмэлт протокол батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, эл сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буй аж.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Х.Баделхан нар Дэлхийн шуудан холбооны дүрмийн нэмэлт протоколыг соёрхон батлахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжжээ.
Ташрамд дурдахад, өдгөө манай улсад 70 орчим аж ахуйн нэгж шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаагаас 44 нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Шуудангийн үйлчилгээнээс өнгөрсөн онд улсын төсөвт 210 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулжээ.