Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбооныхон хамтран боловсруулсан "Сансрын технологийг хөгжүүлэх" төслийг Ерөнхий сайдад танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд “эзэмших”, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд “өрсөлдөх”, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд “тэргүүлэх” арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ. Л.Оюун-Эрдэнэ төслийн ерөнхий агуулгатай танилцсаны дараа сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл болон бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа ч мөн илэрхийлэв.