Эрүүл мэндийн сайдын 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн А/369 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Тус тушаалд зааснаар “Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг” хамруулан ойлгох бөгөөд сургуулийн орчинд ундааны зүйл, амттан зууш, боловсруулсан, хагас боловсруулсан хүнс, түргэн хоолны төрлийн нийт 20 хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон. Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургууль 781, Улаанбаатар хотод 250 орчим байна. Худалдаа үйлчилгээний 5680 байгууллагаас 2752 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнээс Улаанбаатар хотод сургуулиас 5-150 метр радиуст 1398 хүнсний худалдаа эрхэлж байгаагаас зургаан нэрийн 592, 8 нэрийн 806 дэлгүүр бий. Дээрх тушаал хэрэгжиж эхэлснээр жагсаалтад дурдагдсан барааны орлого жижиг дэлгүүрүүдэд 50 хувь том дэлгүүрт 30 хувь хүртэл хэмжээгээр орлого буурах судалгаа гарчээ. Худалдаа үйлчилгээний салбарын олон аж ахуй нэгжүүд хүнд байдалд ороод байгаа гэнэ. Тиймээс "Сургуулийн орчинд тогтоосон хязгаарлах зай ба хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаас үүдэн гарах асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэн, хязгаарлах зай, жагсаалтыг шинэчлэн тогтоохдоо дээрх асуудлыг анхаарах хэрэгтэй" хэмээн зарим бизнес эрхлэгч санал гаргажээ. МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэж Эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байна.