Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтууд эхэллээ. Энэ дагуу “Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургалт” өчигдөр эхэллээ. Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тасгийн дарга, ахлах зохицуулагч, мөрдөгчид болон зөрчил шалган шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлдэг 60 алба хаагч ажлын байрнаасаа сургалтад цахимаар хамрагдав. Ирэх хоёр өдөр уг сургалт үргэлжилнэ. Сургалтаар “Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгахад анхаарах асуудал”, “Зам, замын байгууламжийн аюулгүй байдлыг хангах нь”, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа, арга тактик”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон улсын туршлага” зэрэг сэдвийн хүрээнд нэг багц цагийн мэдээллийг судалж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. Дээрх сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв болон Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль зэрэг байгууллагын сургагч багш, мэргэшсэн алба хаагчдын оролцоотой цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн энэ оны ирэх дөрөв, тавдугаар саруудад зохицуулагч, цагдаа-зохицуулагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах юм байна.