Засгийн Газар ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ.
- PCR шинжилгээний болон түргэвчилсэн оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг аж. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.
- “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр“-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Манай улс Европын Холбоо, тэр дундаа Словак Улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин манайх гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.
- "Автоз амаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Словени улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжлээ. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэхээл болов. Словени улсаас хүн, амьтны цус, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.