2021 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 1.5 дахь хэсэгт “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан аж. Үүний хэрэгжилтэд хяналт тавих, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан бөгөөд өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Мобиком” корпорац болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Wash” төслийн танилцуулгыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар хийж, баруун бүсийн гурван аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгосон талаар мэдээлэл өгөв. Мөн Монголд нэвтрүүлэх боломжтой ОХУ, ХБНГУ-ын технологийн талаар судлаачид, инженер, бизнес эрхлэгчид онцолсон юм. Холбогдох судалгаа, мэдээлэл хангалтгүйгээс дээрх ажил удааширч буйг энэ үеэр хөндөж, үүнийг аль болох шуурхайлах хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр модон жорлонтой гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийг ариун цэврийн байгууламжтай болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс үе шаттайгаар санхүүжүүлэх гэнэ.
Бэлтгэсэн: Б.Нандин