Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 25-наас орон даяар эхлүүлсэн. Их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэд, төгсөх ангийн сурагчид болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөн тус шалгалтыг заавал өгөх ёстой. Одоогоор бүртгэлд 6159 хүн хамрагдсаныг Боловсролын үнэлгээний төвийнхөн хэллээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 35 797 хүүхэд төгсөж байгаа аж. Үүн дээр өмнөх жилүүдийн шалгалтаас хоцорсон болон их, дээд сургуульд элсэж чадаагүй төгсөгчдийг нэмбэл 39 000 орчим хүн ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ. Бүртгэлийн явц өдгөө 15.7 хувьтай аж. Жил бүр төгсөгчдийн 80 орчим хувь нь математик, нийгэм, англи, монгол хэлний хичээл сонгон, шалгуулдгийг албаныхан хэлсэн. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан шалгалтын бүртгэлийг өнөө жил ч www.eec.mn цахим хуудсаар явуулж, ирэх сарын 20-ны 18.00 цагт бүртгэлийг хаана. Бүртгэл албан ёсоор дууссаны дараа шалгалтын байрны тоог гарган, хэрхэн зохион байгуулахаа шийдэх аж. Одоогоор 100 гаруй байранд шалгалт явуулахаар төлөвлөж буй юм байна. Их, дээд сургуульд элсэгчид сонгосон хичээлээсээ гадна монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. ЭЕШ-ыг ирэх зургадугаар сарын дундуур, монгол хэл, бичгийнхийг тавдугаар сард зохион байгуулах урьдчилсан тов гарчээ.
Бэлтгэсэн: О.Оргил