Улс төрийн хилс хэрэгч хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгосныг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлэв. Улс төрийн хилс хэрэгч хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван жилийн хугацаанд байна” гэж заасан. Тиймээс 2018 оны нэгдүгээр сарын 12-ний өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн материалыг хүлээж авах эрх зүйн орчин нээлттэй. Уг хуулийг 1998 онд баталсан бөгөөд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, цагаатгах тухай өргөдөл гаргах, хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор нэхэмжлэх хугацааг сунгажээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хуулийг хэрэгжүүлэх хугацаанд нийт 1858 иргэн нэхэмжлэгчээр бүртгүүлж, зөвлөгөө мэдээлэл авчээ. Улмаар 1643 нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр албажин ирснээс 996 нэхэмжлэгчдэд 60 гаруй тэрбум төгрөг олгожээ. Өдгөө нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр нь албажин ирсэн 862 нэхэмжлэгч нөхөх олговрын мөнгө авах юм байна. Мөн энэ онд улсын төсөвт нөхөх олговорт 5.0 тэрбум төгрөг баталсан ба ойролцоогоор 100 нэхэмжлэгчийн нөхөх олговорт олгогдох юм. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан байдаг. Монгол улсад 1922-1990 оны хооронд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн 37 мянга гаруй хүнээс 2020 оны байдлаар 31 357 иргэний нэр төрийг сэргээж, цагаатгасан байна.