Засгийн газраас өнгөрсөн сарын 24-нд гаргасан шийдвэрийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдрөөс танхимд хичээллэж эхэлнэ. Мөн аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэгүүд ч хэвийн ажиллах боломж бүрдэв. Эл шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын 558 сургуулийн 350 000 сурагч танхимд хичээллэх аж. Мөн 770 цэцэрлэг үүдээ нээнэ. Ингэснээр 132 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх нь. Аймаг, сумуудад “Ковид-19” тархаагүй боловч халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд мөрдөж, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах ёстой гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн юм. Тиймээс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн 4436 эмч, удирдах ажилтныг цахим сургалтад хамруулж байна. Энэ сарын 4 хүртэл үргэлжлэх уг сургалтаар халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал хийх заавар, зөвлөмжийг танилцуулж буй гэнэ. Ташрамд дурдахад, цар тахлын үед хичээллээгүй хэрнээ сурагч, оюутнуудаас сургалтын төлбөр авсан асуудлыг судалж, арга хэмжээ авах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд байгуулсныг сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм.
Бэлтгэсэн: М.Оч