Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон “Ажлын хэсэг” хилийн боомтуудад энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн “Замын-Үүд боомт” болон Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг”, “Сүхбаатар” хилийн төмөр замын боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хилийн боомтуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст удахгүй танилцуулах аж. Улмаар удахгүй Монгол Улс хилээ нээх, эсэх талаар хуралдах гэнэ.