Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулсны 10 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд захиргааны хэргийн шүүхийн шүүгч болон хуульчдын дунд эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн уралдаан зарлажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй дээрх уралдаанд ирүүлсэн бүтээлийг шүүгчид хийгээд хуульчдынх хэмээн тус тусад нь шалгаруулна. Хуульчдын хувьд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, эрх зүйн хөгжилд шүүхийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хууль хэрэглээний тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгын хүрээнд өгүүллээ бичих ёстой. Шүүгчдийн хувьд “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны дараах сэдвүүдийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох шаардлага тавьжээ. Уралдаанд сойх өгүүллийг ирэх сарын 30 хүртэл zakhirgaa_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авах юм. Уралдаанд захиргааны хэргийн шүүгдээс гадна хууль зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг хүн бүр оролцох эрхтэй. Өгүүллийн хэмжээ 5-15 нүүрэнд багтсан байх шаардлагатай гэнэ. Мөн оролцогч өгүүллээ илгээхдээ товч намтраа хавсаргах юм байна.