Мьянмар улсад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсагсаал үргэлжилсээр байна. Тус улсын хойд хэсэгт орших Мийчин хотод цагдаа нар тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн тухай “Deutsche Welle” мэдээлэв. "Ням гарагийн орой Мийчин хотод аюулгүй байдлын хүчнийхэн цэргийнхнийг эсэргүүцсэн жагсагчид руу гал нээв" гэж тус хэвлэл бичсэн байна. Цагдаагийнхан байлдааны эсвэл резинэн сумаар буудсан нь тодорхойгүй тул хэн нэгэн шархадсан, эндсэн эсэх нь одоогоор мэдэгдээгүй байгааг мэдээнд дурджээ. Мөн энэ үеэр болж буй үйл явдлын сурвалжилж байсан хэд хэдэн сэтгүүлч баривчлагджээ. Энэ өдөр Мьянмарын өөр нэг томоохон хот болох Янгонд танкийн цуваа орж иржээ. Гэсэн ч эсэргүүцэл намжаагүй талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүнээс гадна Мьянмарт интернетийг бараг бүхэлд нь тасалсан учраас сүүл үеийн мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулах боломжгүй болжээ.
Энэ сарын 1-нд Мьянмарт төрийн эргэлт гарсан юм. Цэргийнхэн эрх баригч Ардчиллын төлөө үндэсний лиг (НЛД) намын тэргүүн Ан Сан Су Чи, тус улсын ерөнхийлөгч Вин Мин нарыг баривчилж, нэг жилийн хугацаанд онц байдал зарлаад байгаа билээ.