Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам Америкийн “Pfizer” компанийн коронавирусийн эсрэг вакциныг бүртгэснээ Ням гарагт /2021.02.14/ мэдэгджээ. “Pfizer” вакцин нь Японд ашиглахыг зөвшөөрсөн анхны вакцин болжээ. Тус улс бүх нийтийн вакцинжуулалтыг энэ сарын хоёрдугаар хагаст эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар явуулах юм байна. Эхний ээлжинд эрүүл мэнд, нийгмийн 4 сая ажилтан хамрагдах бол хоёрдугаар ээлжинд 65-аас дээш насны 36 сая орчим хүн хамрагдах аж. Дараа нь архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах гэнэ. Үлдсэн хүн амыг тавдугаар сард хамруулахаар төлөвлөжээ. Японы эрх баригчид “Pfizer” компаниас гадна, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулжээ.