Коронавирусийн гарал үүслийн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) гаргасан урьдчилсан дүгнэлтэд АНУ санаа зовж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ. ДЭМБ-ын шинжээчдийн баг COVID-19-ийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цартахал завсрын тээвэрлэгчээс хүнд дамжсан байх магадлалтай гэжээ. Ингэхдээ шинжээчид Ухань дахь амьтдын дунд коронавирусийн эх үүсвэрийг тогтоож чадаагүй байна. Дээрх дүгнэлтэд шинжээчид хэрхэн хүрсэн явдал олон асуулт дагуулж байгааг Салливан тэмдэглэжээ. Шинжээчдийн тайлан хараат бус, дүгнэлт нь хөндлөнгийн оролцоогүй эсвэл Хятадын засгийн газрын зүгээс хийсэн өөрчлөлтгүй байх нь чухал гэж тэрбээр мэдэгджээ. Хятад улс өвчний дэгдэлт гарсан эхний өдрүүдийн мэдээллийг дэлгэх ёстой гэж Ерөнхийлөгчийн зөвлөх нэмж хэлсэн байна. Өмнө нь Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг шилжүүлэхээс татгалзсан юм. ДЭМБ-ын шинжээчид Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах вирусийн тархалтад ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй бөгөөд COVID-19 сарьсан багваахайгаас хүнсний захад тархсан гэх явдал магадлал багатай гэж мэдэгджээ. Олон улсын шинжээчдийн багийн гишүүн, доктор Теа Фишер хэлэхдээ, Хятадын талын хийсэн судалгааны мэдээлэл болон ДЭМБ-ын багийн Ухань хотод цуглуулсан мэдээлэл хоорондоо зөрөөгүй гэжээ. Гэсэн хэдий ч илүү гүнзгий судалгаа хийхийн тулд халдварын эхний үеийн мэдээлэлд нэвтрэх шаардлагатай байгааг эрдэмтэн онцолсон байна.