Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны удирдлагын томилгоо болон “Ковид-19”-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ. Цогц төлөвлөгөөг танилцуулах явцад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өрх бүрд нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр мөн Ерөнхий сайдын хувьд шулуухан хэлье “Нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг бий болгоход тэр их мөнгийг зарцуулах ёстой. Энэ бол миний улс төрийн зарчим” хэмээлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дарга руу санал, хүсэлт барьж гүйх хойгуур Ерөнхий сайд түүний санаачилгатай холбоотой ийм нэгэн мэдэгдэл хийв.