БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун даваа гарагт Пёньянд эхэлсэн тус намын Төв хорооны хоёрдугаар бүгд хуралдааны үеэр VIII их хурлаар дэвшүүлсэн эдийн засгийн хөгжлийн нэн тэргүүний зорилтуудын тухай илтгэл тавьжээ. Тэрбээр төрийн эдийн засгийн тэргүүлэх байгууллагууд идэвхгүй байгааг шүүмжлээд, үүнийг даван туулахад шаардлагатай арга хэрэгслийг нэрлэснийг Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжилсан байна. БНАСАУ ган цутгамал, химийн бордоо үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмж, эрчим хүч, нүүрсний салбар, төмөр замын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, хөнгөн аж үйлдвэр, худалдааг хөгжүүлэхээр төлөвлөж буйг Ким Жөн Ун онцоллоо. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор тус улсад онцгой байдал зарласан ч бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, иргэдээ илүү тогтвортой, сайн сайхан аж төрөх нөхцөл бүрдүүлэхийг нам нь эрмэлзэж буйг тэрбээр илэрхийлжээ.