Цар тахлын улмаас дахин хөл хорьсон үед дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаа Ливанд долоо хоног үргэлжлэв. Энэ хугацаанд хэв журам сахиулагчидтай мөргөлдсөнөөс 400 гаруй хүн гэмтэж, нэг жагсагч амиа алджээ. Тунист болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр ч хүн амь эрсэдсэн аж. Ливанд ч, Тунист ч эрх баригчид нь хэн болох нь тодорхойгүй өдөөн хатгагчдыг буруутгаж байв.
ӨДӨӨН ХАТГАЛГА УУ, “ӨЛСГӨЛӨНЧҮҮДИЙН” ХУВЬСГАЛ УУ
Ливаны хойд нутгийн Триполид долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн үеэр гэмтсэн хүмүүсийн дунд хэдэн арван цагдаа, 70 орчим хүүхэд байжээ. Тус улсын хамгийн ядуу хотуудын нэг энэ газарт эсэргүүцлийн ажиллагаа байнга болдог. Энэ удаа нэг хүнд ногдох өвчлөлийн түвшнээр дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй тус орны эрх баригчид нь урьд тогтоосон хөл хориогоо дахин сунгасан нь жагсаж, цуглах шалтаг болжээ. Коронавирусийн цар тахал, хөл хорио хэдийн “амьсгал” нь тасалдсан Ливаны эдийн засгийг зогсонги байдалд оруулсан. Өнгөрсөн оны зун НҮБ-ын шинжээчдийн тэмдэглэснээс үзвэл тус улсын нэн ядуу иргэдийн тоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд бараг хоёр дахин өсөж, зургаан сая хүн амынх нь 55 хувиас давжээ. Түүгээр зогсохгүй тус улсад Сирийн 1.5 сая дүрвэгч амьдардаг. Үгээгүй ядуусын тоо гурав дахин өсөж, 8-25 хувьд хүрсэн байна. Олон улсын валютын сангийн тооцоолсноор Ливаны ДНБ 2020 онд 25 хувиар буурч, бараа, бүтээгдэхүүний үнэ, тэдгээрийн дотор гурил, талхны үнэ 144 хувиар өсжээ.
Өнгөрсөн долоо хоногийн эцсээр тус улсын эрх баригчид нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрт зориулах мөнгө зээлэхээр Дэлхийн банктай гэрээ байгуулсан юм. Урьд нь тус улсын ядуурлын түвшнээс доогуур аж төрдөг 786 мянган иргэнд нэг жилийн турш олгохоор 246 сая ам.доллар өгөхөөр тохиролцож байв. Үүнд мөн 13-18 насны 87 мянга орчим хүүхдийн сургалтын төлбөр багтжээ. Эмх замбараагүй байдлын үеэр Засгийн газар нь 230 мянган өрхөд сар бүр 400 мянган ливан фунт (нэг ливан фунт нь 50 орчим ам.доллар) олгож эхлэхээ зарласан байна. Мэдээж энэ хангалттай мөнгө биш. Ливанд шаардлагатай шинэчлэл хийх чадвартай Засгийн газар байгуулахыг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээж буй ч тус улсын улстөрчид бараг хагас жил харилцан ойлголцож чадаагүй байна. Ташрамд дурдахад, жирийн иргэд нь хэнд ч итгэхгүй байгаа бөгөөд эсэргүүцлийн жагсаал, цуглаан газар авч, тэдгээрийг аюулаас хамгаалах хүчнийхэн нь тогтоон барихад амаргүй болно хэмээн шинжээчид таамаглажээ. Өлсөж үхэж байгаа хүмүүст алдах юм үгүй. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт хэсэг эмэгтэй амьдралын нөхцөл нь тэсэхийн аргагүй байгааг эсэргүүцэн улсынхаа хойд нутаг дахь замыг хаажээ.
Эсэргүүцлийн жагсаал сүүлдээ аюулаас хамгаалах хүчнийхэнтэй хийсэн мөргөлдөөн, төрийн захиргааны байгууллагуудыг тонож, эвдэн сүйтгэх ажиллагаа болтлоо хурцадсан. Триполид жагсагчдын нэг амиа алдсан тухай мэдээлэл гарсны дараа тус улсын бусад хэсгийнхэн ч эсэргүүцлийн ажиллагаанд татагдан оров. Өнгөрсөн баасан гарагт Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун аюулаас хамгаалах хүчнийхэндээ Триполид эмх замбараагүй байдал үүсгэсэн бүх өдөөн хатгагчийг мөшгөн баривчилж, төрийн захиргааны байгууллагуудыг тонон дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн, галдан шатаасан бүх хүнийг мөрдөн шалгахыг уриалсан байна. Триполид болсон дээрэм, тонуул нь өлсгөлөнчүүдийн хувьсгалтай огт хамаагүй, өдөөн хатгах ажиллагаа гэж Дотоод хэргийн сайд Мухаммед Фахми мэдэгджээ. Үүний сацуу эсэргүүцэгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Бейрутэд нөлөө бүхий улстөрчид, тэдний дотор М.Фахмигийн гэрийн гадаа цуглаж, баривчилсан хүмүүсийг суллахыг шаардсан байна. Тэрчлэн нөлөө бүхий ливанчууд аж төрдөг дүүргийн байшингийн хана, зам дээр “Бидний цус-та нарын хариуцлага” хэмээн бичжээ. Эл хаштаг нийгмийн сүлжээнүүдээр ч тархсан байна.
“УЛС ОРНЫ ХӨВГҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛ”
Өнгөрсөн бямба гарагт олон зуун залуу Тунисийн нийслэлийн төвөөс Дотоод хэргийн яамны байр луу жагсан очиж, эмх замбараагүй явдалд оролцсон хэргээр хоёр долоо хоногийн өмнө баривчилсан бүх хүнийг суллахыг шаардав. Тэр үед 1000 орчим хүнийг баривчилсан аж. “Цагдаа нар хаа сайгүй, шударга шүүх хаана ч алга. Улс орны хөвгүүдийг чөлөөл” хэмээн цугласан олон хашхирч байв. Зам хаасан цагдаагийнхан руу хуванцар сав шидэж, будаг цацаж байжээ. Үүний хариуд хэв журам сахиулагчид бороохой хэрэглэсэн байна. Ливанд ч, Тунист ч эсэргүүцлийн ажиллагаа хамгийн ядуу дүүргүүдэд нь эхэлжээ. Коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон хөл хорио ч жагсагчдыг зогсоосонгүй. “Арабын хувьсгал” ялсны хамгийн тод жишээ болсонд тооцогддог Тунист ажилгүйдлийн түвшин залуучуудын 30 гаруй хувийг эзэлж, ядуурал 20 хувьд хүрчээ. Цар тахал эхэлснээр аялал жуулчлалын салбар нь орлогоо алдаж, нөхцөл байдал улам муудав. Үүнтэй зэрэгцэн нэг Засгийн газар нөгөөгөөр солигдож буй тус улсад эдийн засгаа тогтвортой болгох төлөвлөгөө боловсруулахыг Олон улсын валютын сангаас өнгөрсөн сарын дундуур уриалжээ.
Эрх баригчид нь сэтгэл дундуур байгаа иргэдтэйгээ яриа хэлэлцээ хийхийг оролдож, тайван жагсах эрхийг нь хүлээн зөвшөөрч, дээрэм, тонуул хийгчдийг зэмлэн буруушааж байна. Эл асуудлаар Тунисийн улстөрчид дотоод зөрчилдөөнтэй байгаа. Тухайлбал, парламентын дарга, исламын “Ан-Нахда” намын тэргүүн Рашид Ганнуши өнгөрсөн долоо хоногт үг хэлэхдээ “Жагсаж буй залуус боловсролын болон нийгмийн тогтолцооны сүйрлийн золиос. Тэдэнд хяналт тавих, хэвийн амьдралд нь эргүүлэн оруулах нь иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр төрийн хийх ёстой ажил” хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ үг жагсагчдын анхаарлыг татсан юм. Өнгөрсөн бямба гарагт жагсахдаа тэд зөвхөн цагдаагийнхан төдийгүй Р.Ганнушигийн эсрэг уриа хашхирч байв. Гэсэн ч яриа хэлэлцээ хийж ч чадаагүй байна.