Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлэхдээ "Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед дараах хэд хэдэн арга хэмжээг авах юм. Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнг эмнэлэгт үзээд шаардлагагүй гэвэл гэрт нь буцаан хүргэнэ. Түргэн тусламжаар үйчлүүлж буй хүнийг дагаж гэр бүлийн хүмүүс нь аль болох хамт явахгүй байхыг хичээнэ. Зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө. Дагаж явсан сахиур нь эмнэлэгт байрлана. Дагалдаж явах сахиур нь жирэмсэн хүн, хүүхэд, өөртөө үйлчилж чадахгүй хүн байх ёсгүй. Төрсөн эх, нярайг нийслэлийн түргэн тусламжийн газраас гэрт нь хүргэж өгнө. Нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрийн эргэлтээ хийгээд дуусч байна. Хөл хорионы үед зайлшгүй утсаар холбогдож очно. Өдрийн эмчилгээний тарилгын хэлбэрийг зогсоож эмийн хэлбэрт шилжинэ. Хороонд хоёроос доошгүй 24 цагийн эмийн сан ажиллана. Тусгай автобусаар төлөвлөгөөт эмчилгээтэй хүмүүсийг хүргэж, үйлчилнэ. Яаралтай тохиолдлоор эмнэлэгт ирсэн иргэдийг буцаан яаралтай түргэн тусламжийн тэргээр гэрт нь хүргэж өгнө. Нийслэлийн шүд эрүү нүүрний төв харьяалал харгалзахгүй 24 цагаар ажиллах болно" гэдгийг хэллээ.