Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийнхөн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайт нээлээ. Энэхүү цахим хуудсаар дамжуулан БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэх аж. Тухайлбал, тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол Улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт холбогдох мэдээллээ зураг баримтын хамт дэлгэрэнгүй бичиж оруулан, илгээхэд болох аж. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар оруулна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дор байршуулах нь.