Хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өчигдөр Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход залгаж барьсан хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Хүйтний улиралд ирж байгаа аюул, ослын дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тухайлбал, сар шинийн баярын өдрүүдээр,
– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
– Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.