Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж, саяхан шинэчилсэн. “Эцэг хууль”-ийн 30 дугаар зүйлд заасанчлан 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгох учиртай. Мөн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг анхан болон хоёр дахь гэсэн үе шаттай явуулах юм. Тодруулбал, сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гарган, Төрийн тэргүүнээ сонгохыг сонгуулийн анхан шат гэж тодорхойлжээ. Олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, УИХ түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай хууль батлах нь хоёр дахь шат аж. Гэхдээ Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлөөгүй буюу өмнө нь хэрэгжүүлж ирсэн юм. Түүнчлэн санал хураалт нь хоёр дахь, дахин, нэмэлт гэсэн төрөлтэй. Нэр дэвшигчдийн аль нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон хүний дэмжлэгийг авсан хоёрыг нь дахин “сойх”- ыг хоёр дахь санал хураалт гэж тодорхойлж буй аж. Харин гамшиг, гэнэтийн аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй атал өөр байранд, мөн товлосноос өөр өдөр санал авсан, эсвэл зөөврийн битүүмжилсэн хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) дахин санал хураалт явуулах шийдвэр гаргах юм байна. Нэмэлт санал хураалтыг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэдийн 50 буюу түүнээс дээш хувь нь сонгуулиа өгөөгүй тохиолдолд явуулах гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлосон. Хэрэв тухайн үед Үндсэн хуулийн 25.2, 25.3 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл буюу улсын нийт нутаг дэвсгэрт болон зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдралд шууд аюул учруулсан, учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эмх замбараагүй байдал үүсэж, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсвэл халдах нь бодитой болсон үед дайны байдал зарласан бол сонгуулийг УИХ-ын шийдвэрээр хойшлуулж болно.
ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9-НӨӨС ЗОГСООНО
Монгол Улсын нутаг дэвсгэрийг нэг тойрог болгож, хэсгүүдэд хуваах бөгөөд шат шатны ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ирэх сарын 1-нээс өмнө хэсгүүдийг байгуулах аж. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг СЕХ санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, даргаар нь тухайн шатны ЗДТГ-ын дарга, түүний орлогчийг, бүрэлдэхүүнд нь сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, цагдаа, улсын бүртгэлийн байгууллагын төлөөллийг багтаан байгуулах юм байна.
УИХ, орон нутгийн сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг аваагүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын Элчин сайдын яам, байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Дипломат төлөөлөгчийн газар байрладаг оронд оршин суугаа монголчууд саналаа өгөх боломжтой аж. Сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө УБЕГ нийтэд мэдээлж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг мөн сарын 9-нөөс эхлэн сонгуулийн дүн гарсны дараах өдөр хүртэлх хугацаанд зогсоох нь.
НЭР ДЭВШИГЧИЙГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ НЬ
УИХ-д суудалтай улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран нэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгвэл МАН, АН, МАХН, “Зөв ХҮН электорат эвсэл” нь УИХ-д суудалтай бөгөөд тэдгээрээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой юм. Нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурван долоо хоногт багтаан дуусгах бөгөөд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхийн тогтоолоор ял эдэлж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнийг дэвшүүлэхийг хориглоно. Хэрэв намууд дотроо нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй, эсвэл өөр намын, түүнчлэн тавигдах шаардлагыг хангаагүй хүнийг дэвшүүлсэн бол СЕХ бүртгэж, үнэмлэх олгохгүй гэнэ. Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах аж. Харин бүртгэсний дараа тухайн хүн нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох гэнэ.
СЕХ нэр дэвшигчийг нийтэд зарласнаас хойш тухайн хүнийг төрийн хамгаалалтад авах бөгөөд гэмт хэрэг үйлдэж байх үед нь, мөн хэргийн газар нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд дээрх хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх дараах ажиллагааг явуулахыг хориглохоор хуульд заажээ. Үүнд эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх зэргийг багтаасан байна. Түүнчлэн нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материал тараахыг хориглох юм. Үүнийг зөрчсөн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо гурав хүртэлх сарын хугацаатай хязгаарлах гэнэ.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАВДУГААР САРЫН 2-НООС ӨМНӨ ҮАГ-Т ХҮРГҮҮЛНЭ
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар дүгнүүлдэг. Тэгвэл тавдугаар сарын 2-ноос өмнө уг хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэх хуультай аж. Хэрэв энэ хугацаанаас хоцорвол аудитын дүгнэлт хийхгүй бөгөөд баримт бичиг дутуу гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох юм.
Улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 100, аймаг, дүүрэгт бол 150 хүртэлх тээврийн хэрэгслийг сурталчилгаандаа ашиглах боломжтой. Мөн сонгуулийн штаб нь улсын хэмжээнд 200, нийслэлд 100, аймаг, дүүрэгт 20, сумд 20 хүртэл ажилтантай байж болох нь. Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахад хяналт тавих талаар хуульд тусгасан. Тодруулбал, нэр дэвшигч нам, эвслийн болон өөрийн цахим хаяг, хуудсаар сурталчилгаа явуулах бол үнэмлэхээ авснаас хойш гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд үүнийгээ бүртгүүлэх ёстой аж. Мөн аль нэг банканд тухайн нам, эвсэл сонгуулийн дансаа нээлгэж, санал хураалт дууссанаас хойш 45 хоногийн дотор зардлын тайландаа хувийн аудитын этгээдээр дүгнэлт гаргуулж, ҮАГ-т хүргүүлэх юм. Тус газар ирэх есдүгээр сарын 24-ний дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланд хийсэн дүгнэлтээ танилцуулахаар заажээ.