Улсын онцгой комиссын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Нийслэлд энэ сарын 11-23-нд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах саналыг уг хуралдаанаар боловсруулсан байна. Цагаан сарын үеэр хүнсний дэлгүүрүүдийг ажиллуулахгүй гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. “Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 11-16-нд худалдаа, үйлчилгээний байгууллагууд бүхэлдээ амарч, 16-23-нд хүнсний дэлгүүрүүдэд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлнэ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн удирдлагуудад үүнтэй холбоотой зарим үүрэг чиглэлийг өглөө” гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр уржигдар мэдээлжээ. Үүнээс үүдэн хүнсний дэлгүүрүүд ажиллахгүй гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан бололтой.
Тэгвэл уг мэдээлэл ташаа, эрх бүхий байгууллагаас ийм шийдвэр гаргаагүй гэж УОК-оос мэдэгдсэн юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж, эмнэлэг зэрэг 14 салбарын байгууллага хэвийн ажиллах бөгөөд үүнд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа ч хамрагдсаныг тус комиссоос мэдээлэв. Мөн улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект болох “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, МИАТ компани зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулах юм байна.
Бэлтгэсэн: М.Оч