Японы лаборатори, шинжилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Shimadzu” корпораци хаалганы бариул, компьютерын гар болон бусад амьгүй гадаргуу дээр коронавирусны халдвар илрүүлдэг анхны оношлуурыг худалдаанд гаргаж эхэлжээ. “Энэхүү оношлуурыг хэрэглэхдээ сорьц цуглуулдаг хөвөнгөөр гадаргууг арчаад, давсны уусмал бүхий зориулалтын саванд хийнэ. Хөвөнг савнаас гаргасны дараа урвалжийн тусламжтайгаар “PCR” шинжилгээ хийж, вирусийг илрүүлнэ” гэж тус компани мэдээлжээ. Шинэ оношлуур коронавирусийг 100 орчим минутын дотор илрүүлдэг бөгөөд эмнэлгийн байгууллагуудаас гадна хүнс үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг хангахыг зорьж байгаа ажээ. Нийт 100 удаа шинжилгээ хийх боломжтой энэхүү оношлуур нь 302500 иен буюу 2800 ам.долларын үнэтэй юм. Японы баруун нутгийн Киото мужид төвтэй “Shimadzu” жилд мянган оношлуур худалдаалах зорилт тавьсан байна. Олон янзын судалгаагаар коронавирус хуванцар дээр 72, зэвэрдэггүй ган гадаргуу дээр 48, картон цаасан дээр 24 хүртэлх цаг хадгалагддаг байна.