Дэлхийн хуурай газрын гуравны нэгийг ойн сан бүхий талбай эзэлдэг бөгөөд энэ нь амьд организмын 80 гаруй хувийн амьдрах орчин болдог аж. Манай улсын нийт газар нутгийн 7.9 хувь буюу 12 452 га талбайг ойгоор бүрхэгдсэн газар эзэлдэг. Хортон шавж, түймэр, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ойн сан сүүлийн жилүүдэд доройтож байна. Ойжуулалт, нөхөн сэргээлт, холбогдох хуулийн хэрэгжилт болон шинээр батлах журмын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбаттай ярилцлаа.
-Дэлхийн дулаарал хурдацтай нэмэгдэхийн хэрээр цөлжилт эрчимжиж, цаг уур өөрчлөгдөөд байна. Манай улсын нийт газар нутгийн багахан хувийг эзэлдэг ойн сан бүхий талбайд дээрх шалтгааны улмаас багасах аюул тулгарсан. Ойн сан бүхий газар нутгийг өдгөө хэрхэн хамгаалж байна вэ?
-1980-аад оны үед агнуурын аж ахуй, мод бэлтгэлийн газрыг олноор байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулах болсноор ойн анги, аж ахуйн газрууд бий болж ойжуулалт, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлж байсан. Гэвч зах зээлийн шуурганд өртөн дээрх байгууллагуудын олонх нь хаагдаж, ойн аж ахуйнууд орон нутагт байхгүй болсон. Арчилж, тордох эзэнгүй орхигдсон ойг хамгаалах зорилгоор төрөөс бодлого хэрэгжүүлж, 2007 оноос ойн санг гэрээгээр эзэмшүүлэн, нөхөрлөлүүд байгуулахын зэрэгцээ сум дундын ойн ангиудыг шинээр бий болгосон юм. Өдгөө улсын хэмжээнд ойн 43 анги, 1200 гаруй нөхөрлөл, 640 орчим мэргэжлийн байгууллага ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
-Хамгаалах, нөхөн сэргээхээс гадна тарьж, ургуулах нь чухал. Ойн сан бүхий газрыг нэмэх бодлогоосоо хуваалцана уу?
-Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувь буюу 18 608 га талбайг ойн сан эзэлдэг. Үүний 68.8 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай. 2015 онд УИХ-ын 48 дугаар тогтоолоор баталсан Төрөөс ойн талаар баримтлах бодлого, өнгөрсөн жил гаргасан “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичигт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг есөн хувьд хүргэнэ гэж заасан. Харин Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх зорилт тавиад байна.
-Ойн санг нэмэх зорилгоор баримт, бичиг цөөнгүй баталжээ. Гэвч хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхдээ манайхан маруухан гэхэд хилсдэхгүй. Иргэн, аж ахуйн нэгжүүд ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр ямар үүрэг хуулиар хүлээсэн байдаг юм бол?
-Ойн тухай хуулийн 30.2-т “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж огтолсон нэг модныхоо оронд 10 ба түүнээс дээш тарьц, суулгац ургуулна” гэж заасан байдаг. Аж ахуйн нэгж 100 ам метр талбайгаас үйлдвэрлэлийн аргаар мод бэлтгэсэн бол хоёр га газарт нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Мөн дээрх хуулийн 31.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын аяныг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарина гэж заасан. Тарихаас гадна арчилгаа, ургалтыг нь хариуцах бөгөөд өөрөө хийх боломжгүй тохиолдолд зарцуулах хөрөнгийг нь хандивлах үүрэгтэй. Харамсалтай нь хуулийн энэ заалтын хэрэгжилт хангалтгүй байна.
-Тарьц, суулгац бойжуулсан аж ахуйн нэгжийг хэрхэн урамшуулдаг юм бол. Мөн танай яамныхан шинэ журам батлахаар судалж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Сангийн сайдын 2015 оны Журам батлах тухай А-140/63 дугаар тушаалын дагуу иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод үржүүлгийн газарт өөрийн хөрөнгөөр чанартай тарьц, суулгац ургуулсан тохиолдолд мөнгөн болон бусад хэлбэрээр урамшуулал олгохоор болсон байдаг. Өдгөө энэ журмын хүрээнд жил бүр модны тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх зорилгоор 8-10 нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, 2019 онд ойн долоон анги, хоёр нөхөрлөлд дэмжлэг үзүүлсэн. Харин өнгөрсөн онд хоёр ойн анги, найман нөхөрлөл, байгууллагад дэмжлэг үзүүлжээ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна хүлэмж, жижиг оврын трактор зэрэг багаж, тоног төхөөрөмж ч олгодог. Бид тарьц, суулгац бойжуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулахаас гадна мод тарьж, ургуулсныг нь дэмжих шинэ журмын төсөл боловсруулж эхэлсэн. Төсөл боловсруулах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагаас санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, төсөв батлуулах гээд багагүй хугацаа шаардах учир шинэ журмыг энэ ондоо багтаан гаргахаар зорьж байна.
-Ойн сан бүхий газрыг хамгаалахын тулд нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж сонссон. Нөхөрлөлүүдийг дэмжих нь ямар давуу талтай вэ?
-Хортон шавж, түймэр, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ойн сан бүхий газар байгалийн аясаар буюу өөрөө нөхөн сэргэх чадвараа алдахад хүрсэн. Ялангуяа малын тоо толгой ихэссэнээр ойн сан бүхий газарт бэлчээрлэх боллоо. Энэ нь ой тэлж, байгалийн аясаар сэргэн ургахад сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл. Модны төрлөөс хамаарч үрийн ургац нь жил бүр харилцан адилгүй байдаг юм. Зарим мод жил бүр, олонх нь 3-4 жилд нэг удаа үр өгдөг. Цаг уурын өөрчлөлт, хэт дулаарал, хүйтрэлтээс болж модны үрийн ургац сүүлийн жилүүдэд муудах боллоо. Заримынх нь үр өгөх давтамж 7-8 жил болж уртсах хандлагатай байна. Тиймээс сайн чанарын модны үрийн нөөц бий болгох, тарьц, суулгац ургуулах нөхөрлөл, аж ахуйн нэгжийг дэмжих нь ойн сан бүхий газар нутгийг нөхөн сэргээх, тэлэх хамгийн оновчтой, үр дүнтэй арга юм. Хэрэв сайн чанарын үрийн нөөцгүй, стандартын шаардлагад нийцсэн тарьц, суулгац байхгүй бол ойн санг нэмэхэд багагүй хүндрэл учирна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлагуудын оролцоо маш чухал. Ойн нөөц ашигласан төлбөрийн 85 хувь нь орон нутгийн төсөвт төвлөрдөг. Энэ орлогыг ойг нөхөн сэргээхэд зарцуулах хуультай. Гэвч орон нутгийн удирдлагууд бүх орлогыг нөхөн сэргээхэд зарцуулдаггүй. Тиймээс ойн хомсдол, доройтол ихэссэн энэ үед орон нутагтаа мод тарьж, ургуулсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай.
-Мод тарьж, ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг хэрхэн урамшуулах юм бол?
-Журам батлах нь нэлээд хугацаа шаардана. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал ч шийдвэр гаргахад нөлөөлж буй. Журам боловсруулах ажлын хэсгийг энэ сард багтаан байгуулна. Чанартай тарьц, суулгац бойжуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулдаг учир мод тарьж, ургуулсныг нь ч мөн дэмжих хэрэгтэй. Модны тарьц, суулгац ихээр ургуулсан иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй. Шинэ журам баталбал иргэд эл тарьц, суулгацаараа тодорхой хэмжээний доройтсон талбайг ойжуулан, нөхөн сэргээж урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ гэсэн үг. Үр дүнгээс нь хамаарч жил бүр зардлыг нь нөхөн олгох, урамшуулах зохицуулалтыг журмын төсөлд тусгана. Нөхөн сэргээлтийн арга, модны төрөл, зүйл, хугацаа зэргийг харгалзан хэдий хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг тогтоох юм. Урамшууллын журмын төслийг боловсруулсны дараа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас санал авахаар төлөвлөж байна.