Танзани улсад үл мэдэгдэх халдвар тарьсны улмаас дор хаяж 15 хүн нас барж, 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Anadolu агентлаг тус улсын Эрүүл мэндийн яамны эх сурвалжийг иш татан мэдээлэв. Тодруулбал өвчтөнүүдэд дотор муухайрах, цусаар бөөлжих шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа гэнэ.
"Одоогоор энэ өвчин өргөн тархаагүй, захиргааны нэг тойрогт л дэгдэлт гарсан. Эмнэлэгт хожимдож хандсан хүмүүс цусаар бөөлжиж, нас барсан" гэж Чунья тойргийн эмч Фелиста Кисанду ярьжээ. Түүний хэлснээр өвчтөнүүд голдуу эрэгтэй хүмүүс байсан бөгөөд тэдгээр нь урьдчилсан шинжилгээгээр ходоодны шарх, элэгний өвчлөлтэй байсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Танзанийн Эрүүл мэндийн сайд өвчин дэгдсэн бүс нутаг руу шинжээчдийн баг илгээжээ. Өмнө нь, 2018 онд тус бүс нутагт энэ удаагийн өвчлөлтэй адил тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед хэд хэдэн хүн өндөр халуурч, ходоод хямран, цусаар бөөлжиж байсан гэнэ.