Танил маань амьдралын эрхээр БНСУ-ыг зорьж, гурван жил хар ажил хийгээд, өнгөрсөн зун эргэж ирэхээр төлөвлөж байсан юм. Ноднин өдийд түүнтэй холбогдоход настай аав, ээждээ санаа нь хэчнээн их зовдог, тэрсхэн дөрвөн үрдээ хүүхдийн баярын бэлэг болж, зургадугаар сарын 1-нд Монголдоо буухаар хийх ажил, түрээслэх байр, нислэгийн тийз бүхнээ зохицуулсан, нутаг буцна гэж бодохоор өдөр хоног өнгөрч өгөхгүй байгаа талаараа ярьж байв. Тэр өнөө хэр эх орон, ээж, аав, бяцхан үрсдээ ирж чадаагүй. Хэд хоногийн өмнө “Өнгөрсөн жил нутаг буцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэхэд л нэрээ өгсөн. 1000 гаруй хүний дараа миний ээлж ирнэ. Нислэгүүдээ цуцалж, сард хэдэн онгоц явуулах нь тодорхойгүй болсноор гэртээ хэзээ харихаа баримжаалах ч аргагүй байна” хэмээн арга тасарсан өнгөөр ярьсан.
Харин сүүлийн үед Монголд хэрэгжүүлж буй хилийн хоригийн үр дүнд гадаадад байгаа иргэдийн эх орондоо буцаж ирэх үндсэн эрх зөрчигдсөн, эсэх талаар нийгэм, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнөж эхэллээ. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд энэ асуудлаар идэвхтэй дуугарсаар буй.
Засгийн газраас хамгийн сүүлд олон нийтэд өгсөн мэдээлэлд дурдсанаар эх орондоо буцах хүсэлт гаргаад, нислэг хүлээж буй 8625 хүний нэг нь тэр. Үхэл хагацал, өвчин зовлонд нэрвэгдээгүй л бол наанаа байж бай хэмээн хойш “шидэгдэж”, гэр бүлдээ, өөрийн гэсэн бүхэндээ очих эрхээ хасуулаад бүтэн жил болж буй нь энэ.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” хэмээн хуульчилсан. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлд “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотор эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлд “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасаж болохгүй” гэж заасан. Эх орондоо ирэх эрх бол хүний амьд явах, амь насаа хамгаалуулах эрхтэй эн тэнцэхүйц үндсэн, онцгой эрх билээ. Хилийн чанадад бүтэн жил гацаж, Монголоос ирэх онгоц харуулдан санааширч суугаа иргэдэд Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх эрх бийг өнгөрсөн хугацаанд төр, засаг хязгаарласан нь харамсалтай.
Харин сүүлийн үед Монголд хэрэгжүүлж буй хилийн хоригийн үр дүнд гадаадад байгаа иргэдийн эх орондоо буцаж ирэх үндсэн эрх зөрчигдсөн, эсэх талаар нийгэм, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнөж эхэллээ. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд энэ асуудлаар идэвхтэй дуугарсаар буй.
Тухайлбал, ХЭҮК өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УОК-т шаардлага хүргүүлсэн. Үүнд “Засгийн газрын шийдвэрээр нислэгүүдийг цуцалснаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаарх гомдол удаа дараа ирсэн. Гадаадад гацсан иргэдийн олонх нь байгаа БНСУ руу арваннэгдүгээр сард зургаан удаа нислэг хийхээр төлөвлөсний тав нь цуцлагдаж, арванхоёрдугаар сард огт нислэг үйлдээгүй. Энэ нь иргэдийн эрхийг ноцтой зөрчих эрсдэл бий болгож байна” хэмээн дурдсан. Үүнээс хойш ХЭҮК гадаадад гацсан монголчуудын эх орондоо ирэх, зорчих эрх ноцтой зөрчигдөж буй талаар удаа дараа мэдэгдсээр буй.
Мөн “Нээлттэй нийгэм форум”-аас “Хөл хорио ба эх орондоо ирэх эрх” сэдвээр хийсэн судалгааны дүнгээ өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Эх орондоо буцаж ирэх эрх нь онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд дур зоргоор хязгаарлаж үл болох, жам ёсны шинжтэй онцгой эрх. Хэрэв цар тахал зэрэг нэн ховор, онцгой нөхцөл байдлын үед хязгаарлах тохиолдолд энэ нь тодорхой үндэслэлтэй байх ёстой. Манай улсын хувьд “Ковид-19”-ийн үед авах арга хэмжээний талаар хуульчилсан эрх зүйн баримт бичигт коронавируст халдварын цар тахлын үед хүний зарим эрхийг хязгаарлахад тавих шаардлага, үндэслэлийг нэгбүрчлэн тусгасан хэдий ч Засгийн газраас хилийн хориг тогтоосон шийдвэр, арга хэмжээ нь дээрх хуульд заасан шаардлага, үндэслэлүүдийг нэг мөр хангаагүй, дур зоргын шинжтэй байгаа талаар “Хөл хорио ба эх орондоо ирэх эрх” судалгааны тайлангийн дүгнэлтэд дурдсан нь анхаарал татаж буй.
Тус судалгааны тайланд “Засгийн газар цар тахлын үед гадаадад байгаа иргэдийг эх оронд нь ирүүлэхтэй холбоотой бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээ авахад шаардлагатай нөөц бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Нөгөө талаас Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, консулын газрууд Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх чиг үүргийнхээ хүрээнд санхүүгийн болон бусад хүндрэл, шалтгаантай иргэдийн тооцоо судалгааг бодитойгоор гаргаж, шаардлагатай иргэдэд туслах замаар гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэн ажиллаагүй. Ялангуяа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө учруулахуйц шийдвэрийг урьдаас төлөвлөхгүйгээр гэнэт гаргаж, өөрчилж байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж, эд материалын болоод сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна” хэмээн дүгнэсэн байна билээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс удаа дараа ийн мэдэгдсээр, цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн болон олон улсын баримт бичгийн зүйл заалт байгааг дурдсаар атал Үндсэн хуулийн цэцээс “Гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй” гэсэн тогтоол гаргасан нь анхаарал хандуулахгүй орхиж боломгүй явдал байв.
“Оюуны инновац” төрийн бус байгууллагаас ҮХЦ-д хүргүүлсэн мэдээлэлд дээр дурдсан тогтоолоор хариу өгсөн юм. “Оюуны инновац” төрийн бус байгууллагын мэдээлэл “3асгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолын нэг дэх заалт, 2020 оны гуравдугаар сарын 22-ны Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 102 дугаар тогтоолын гурав дахь заалт, 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай 239 дүгээр тогтоолын нэг дэх заалт нь хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг Монгол Улсын иргэдэд зогсоосон нь Үндсэн хуулийн 16.18 дахь хэсгийн “Эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэснийг, 19.2 дахь хэсгийн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэснийг тус тус зөрчсөн” гэсэн агуулгатай байсан юм.
Гадаад улсад оршин суугаа иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянуулахаар тус байгууллага өнгөрсөн оны наймдугаар сарын 13-нд анх ҮХЦ-д мэдээлэл гаргасан аж. ҮХЦ-ийн Тамгын газраас наймдугаар срын 27-нд тэдний мэдээллийг буцаах тухайгаа албан бичгээр мэдэгдэж, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс уг асуудлаар эдгээр байгууллагад хандсаны дараагаар маргаан үүсгэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн байна. Ингээд иргэддээ хилээ хаасан тогтоолоо хүчингүй болгох асуудлаар “Оюуны инновац” төрийн бус байгууллага Засгийн газар, УИХ-д есдүгээр сарын 10-нд гомдол гаргажээ. ЗГХЭГ-аас арваннэгдүгээр сарын 2-нд “Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй шийдвэрүүд Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ҮХЦ-д хандаж шийдвэрлүүл” гэсэн агуулгатай хариу ирүүлсэн бол УИХ өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна.
Ингээд ҮХЦ-д дахин мэдээлэл гаргаад авсан хариу нь “Гадаадад гацсан иргэдийн эх орондоо буцаж ирэх эрх зөрчигдөөгүй” гэсэн утгатай, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол.
Иргэдийн эх орондоо буцаж ирэх үндсэн эрхийг онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болохоор Үндсэн хуульд онцгойлон заасан атал ийм тогтоол гаргасан Цэцийг “Эцэг хууль”-иас өөр юунд ч үл захирагдан, хараат бусаар, асуудлыг шударга шийдвэрлэх үндсэн зарчмаа баримтлан ажиллаж чадаж буй гэж итгэж болох уу. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй, ямар ч байгууллага, албан тушаалтан Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж болохгүй гэдэг зарчим хэрэгждэг, эсэх нь дахиад л эргэлзээ төрүүллээ.
Бэлтгэсэн: А.Амина