Хөл хорионы үеэр хамгийн их хаягдсан, эрхээ зөрчүүлсэн хүн амын бүлэг бол хүүхдүүд. Тэднийг өнгөрсөн жил гаруйн хугацаанд гадаа гаргахгүй, дэлгүүр хоршоо, үзвэр, үйлчилгээний газар, кинотеатраар явуулаагүй, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг нь хүртэл хязгаарласан. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд л хөл хорионы дэглэмийг ягштал биелүүлж ирэв. Гэтэл гэртээ хоригдсон тэдний эрх ашиг хэрхэн хохирч, хөндөгдөж буйг авч хэлэлцэж байгаа томчууд нэгээхэн ч алга.
Төр, засгаас иргэдийн өр, зээл, байр, ус, цахилгаан, хогны мөнгийг хэрхэх талаар, ажлын байр, цалин хангамжийн асуудлыг л чухалчилснаас бяцхан үрсийнхээ бие болон сэтгэл зүйд огтхон ч анхаарал хандуулсангүй. Сургууль, цэцэрлэггүй болсон хүүхдүүд хоёр дахь жилдээ дөрвөн хананы дунд, дэлгэцээс өөр найзгүй сууна. Ингэхдээ нэг бол гэртээ ганцаараа цоожлогдоно. Эсвэл дүү нараа харж, гэрийн ажил, хоол унд хийх зэргээр өөрсдөдөө ахадсан ачаа үүрэх. Ид өсөж, хөгжих, сурч боловсрох, нийгэмших насандаа хүүхдүүд амьдралд “нухлуулж”, сэтгэл зүй нь эмтэрч байгааг томчууд мэдэхгүй, хайхрахгүй байгаа нь харамсалтай.
Тухайлбал, хүүхэд тав, зургаан насандаа амьдралынхаа туршид ямар хүн байх суурь төлөвшил, хүмүүжлийг олж авдаг. Гэтэл энэ нь зөв тавигдаагүйгээс ирээдүйд олон сөрөг хүчин зүйл гарахыг үгүйсгэхгүй. Яг энэ насныхны хувьд өдгөө үзэж, харах зүйлс нь хязгаартай, байнгын муу мэдээний дунд айдас, түгшүүртэй амьдарч байна.
Хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг тул болгоомжтой харилцахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Аливаа үйл хөдлөл, хийхийг хүссэн зүйлд нь хориг, тээг тавибал уурлаж унтууцан, стресстэж эхэлдэг байна. Харин эцэг, эх, асран хамгаалагчид “Хүүхэд стресст өртөнө гэж юу байдаг юм” хэмээн дургүйцлээ илэрхийлж, төдийлөн тоодоггүй, уурлаж, зандрахаа л урьтал болгодгийг сэтгэлзүйчид хэлсэн. Тодруулбал, хүүхдийн ертөнц бидний төсөөлснөөс тэс өөр, өсөлт, хөгжилт нь ч маш хурдтай тул томчууд тэднийг гүйцэж ойлгохгүй байх нь олонтоо.
Хөл хорионы үеэр хүүхдүүдийн бие махбодын байгалийн үйл явцууд алдагдаж, хязгаарлагдсанаар эрүүл мэндийн болоод сэтгэцийн өвчинд олноор өртөх болжээ. Нэн тэргүүнд тогтсон цагтаа унтахаа больж, нойр нь солигдсоноор өсөлт, хөгжил нь удаашрах болсон гэнэ. Хоёр, гурван настнууд 21.00-22.00 цагт унтах ёстой атал 00.00-01.00 хүргэж, өсвөр насны ах, эгч нар нь ч түүнээс оройтож орондоо орж буйг эцэг, эхчүүд учирласан. Ялангуяа зургаа хүртэлх насныхан нойр, хоолондоо муудаж, гар утас, дэлгэц ширтсээр тайван нойрсож чадахаа больсныг эмч нар хэлэв. Жишээлбэл, энэ насныханд унтаагаараа ярьж, босож зүүдлэх, шүдээ хавирах, уйлж, уцаарлах зэрэг шинж тэмдэг түлхүү илэрч, үүнээс болж эмнэлгийн тусламж авах хүүхэд олширсон гэнэ.
Наркологийн эмнэлэг болон “HD Монгол” телевизийн “Тав, зургаан настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн сэтгэл засалчаар ажиллаж буй Ч.Ганцэцэгээс хөл хорионы дэглэм хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодод хэрхэн нөлөөлж буйг тодруулсан юм. Тэрбээр өмнө нь Улсын гуравдугаар төв эмнэлэг болон СЭМҮТ-д сэтгэцийн эмч, сэтгэл засалчаар ажиллаж байсан юм. Ч.Ганцэцэг “Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өсөж, томрох хугацаандаа эргэн тойрныхоо зүйлсийг танин мэдэж, судалж, танилцдаг. Тиймээс бодисын солилцоо нь түргэн буюу маш хүчтэй явагддаг. Танин мэдэхүйн үйл явц нь ч бидний төсөөлснөөс өргөн хүрээнд өрнөдөг гэсэн үг.
Гэтэл хөл хорионд орчихоор хүүхдүүдийн эдгээр үйл ажиллагаа алдагдаж, тэр хэрээр сэтгэн бодох, нийгэмших явц нь хумигдана. Хамгийн уршигтай нь хөл хорионы үеэр тэд тухайн насандаа эзэмших хөгжил, дадлыг авч чадахгүй байх. Хүүхэд томрох тусам бодисын солилцооны эрчим нь буурдаг тул алдсан цаг хугацааг нөхөх боломжгүйгээрээ учир дутагдалтай. Тухайлбал, хүүхэд тав, зургаан насандаа амьдралынхаа туршид ямар хүн байх суурь төлөвшил, хүмүүжлийг олж авдаг. Гэтэл энэ нь зөв тавигдаагүйгээс ирээдүйд олон сөрөг хүчин зүйл гарахыг үгүйсгэхгүй. Яг энэ насныхны хувьд өдгөө үзэж, харах зүйлс нь хязгаартай, байнгын муу мэдээний дунд айдас, түгшүүртэй амьдарч байна. Ээж, аавтайгаа зугаалж, агаар, салхинд ч гарч чадахгүй байгаа учраас аливааг танин мэдэх нь хязгаарлагдмал, сэтгэн бодох чадвар нь ч үүнийг дагаад доройтно. Энэ бүхэн ирээдүйд нь асар муу нөлөөтэй. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг хэлцийг монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй нь ийм учиртай. Хүүхдийн тархины хөгжил нь бие махбодын хөдөлгөөн, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмших үйл явцаар тодорхойлогддог учраас үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй авч хэлэлцэх асуудал манайд нэн тулгамдсан. Харамсалтай нь, боловсролын байгууллагууд энэ талаар огт дуугардаггүй. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдийнхээ төлөө яах ёстойгоо сайн мэддэггүй. Тиймээс БШУЯ-ныхан ялангуяа хөл хориотой үед янз бүрийн эрэл хайгуул хийж, хүүхдүүдийн сэтгэл зүй, биеийн хөгжлийг дэмжих олон ажил эхлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Тэрбээ хөл хорионы дэглэм хүүхдүүдэд хэрхэн нөлөөлснийг “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн зарим жишээгээр сонирхуулсныг хүргэе. 2019 онд анхны дугаараа цацаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нэвтрүүлгийн оролцогчдод олон өөрчлөлт гарчээ. Тодруулбал, нэвтрүүлгийн эхэн үед хүүхдүүд маш эрч хүчтэй, даалгаврыг заасан хугацаанд гүйцэтгэдэг. Зарим нь тодорхой хэмжээгээр бусдаасаа хоцорсон ч ямар нэг байдлаар гараас нь бүтээл гардаг байж. Аливаа зүйлийг хийхдээ маш сайн “нухаж”, бүх анхаарлаа төвлөрүүлэн, мэдээллийг боловсруулж, гарц гаргалгаа хайж буй зэрэг нь үнэхээр гайхалтай байсныг тэрбээр онцолсон. Гэтэл нэвтрүүлгийн дараагийн улирлын дугаарт оролцсон таван настнууд даалгаврыг удаан ойлгож, анхаарлаа төвлөрүүлэхдээ муу, боломж гарвал тоглоод гүйчихдэг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөл хорионд байсан таван настнууд өмнөх дугаарын оролцогчдыг бодвол бүтээлч байдал, хүсэл эрмэлзэл нь бага байсан нь ажиглагджээ. Түүнчлэн эхний улирлын дугаарт оролцсон хүүхдүүдийг 2021 онд “Зургаан настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлэгт улираан, оролцуулахад өсөлт, хөгжил, танин мэдэхүй, мэдээлэл хүлээн авч, боловсруулах зэрэг чадвар нь таван настай үеийнхээсээ эрс суларсан байсныг хэлсэн. Хөл хорионы үеэр хүүхдүүдийн идэвх, санаачилга, сэтгэн бодох чадвар ийнхүү буурсан байжээ. Хүүхдийг “болохгүй, битгий, боль, суу, унт, ид” гэхчлэн захиргаадаж, хөл, хөдөлгөөнийг нь хорьсноор богино хугацаанд ч гэсэн тархины хөгжилд нь нөхөж баршгүй хоцрогдол бий болдгийн нэг л жишээ энэ аж.
Дэлхийн олон оронд бүх шатны боловсролын байгууллагууд цахимаар хичээллэж буй. Гэхдээ манайх шиг цэцэрлэгийн хүүхдүүд болон сурагчдаа “Теле хичээл үзвэл үз” гээд хаячихдаггүй юм байна. Хөл хорионд байгаа хүүхдүүдэд цахим хичээлийн хажуугаар биеийн тамир заавал заадаг. Ингэхдээ анги, бүлэг бүрээр хуваарь гаргаж, спорт танхим, эсвэл биеийн тамирын гаднах талбайд гүйх, дасгал, хөдөлгөөн хийх боломжоор хангадаг аж. Хүүхдүүд долоо хоногт 1-2 удаа усанд сэлэх, сургуулийнхаа талбайд очих, зарим нь гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд гүйж, алхсанаа тусгай аппликэйшнээр багшдаа мэдээлдэг гэнэ. Тэгвэл цэцэрлэгийн багш нар ангийнхантайгаа өдөр бүр цахимаар холбогдож хүүхдүүдтэйгээ ярилцан, гэртээ юу хийж байгаа талаар нь асууж, хөгжилтэй тоглоом тоглон, сэтгэл зүйн эмчилгээ давхар хийж байна. Цахимаар холбогдох боломжгүй, амьдралын боломж тааруу айлын багачуудыг хуучин ч хамаагүй гар утас зэрэг төхөөрөмжөөр ханган, хүүхэд бүрт санаа тавьдаг гэнэ.
Гэтэл манайд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хөл хорионы үед “тэг зогсов”. Албаныхан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын теле хичээлийн талаар л ярихаас биш, цэцэрлэгийн насныханд зориулсан сургалтын хөтөлбөр, тэднийг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах контент, нэвтрүүлгүүд бэлтгэсэн нь үгүй. Багш нар нь ч хүүхдүүдтэйгээ холбогддоггүй, хаана, хэнтэй амьдарч байгааг нь лавлаж, шалгадаг ч үгүй. Тэгэхэд цэцэрлэгийн насныхны олонх нь өдгөө дэлгэцэд донтсон, ааш зан нь эвдэрчихсэн, хараа хяналт султай, зутруухан амьдарч байна шүү дээ.