Ираны хоёр объектод өнгөрсөн оны намар МАГАТЭ-гийн төлөөлөгчид шалгалт хийх үеэрээ цацраг идэвхт бодисын ул мөр илрүүлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн гурван дипломатч ийн мэдээлснийг “Wall street journal” сонин уламжилсан байна.
Тус байгууллагынхан өнгөрсөн оны эхээр тэдгээр объектод цөмийн нууцалсан материалууд хадгалж байж болзошгүй хэмээн сэжиглэсэн гэнэ. Наймдугаар сард нь МАГАТЭ-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси Тегеранд айлчилсны дараа олон улсын шинжээчдийг оруулахыг Иран зөвшөөрсөн аж. Тэд ямар бодис илрүүлснээ мэдээлээгүй өдий хүрчээ. Гэсэн ч илэрсэн бодис нь Иран улс цөмийн зэвсэг бүтээх алхам хийж байгааг илтгэж магадгүйг дипломатчид үгүйсгээгүй гэнэ. Ираны цөмийн хэлэлцээрээс Д.Трамп гарсныг шүүмжилдэг, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа энэ талаар өнөө болтол ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа үед “Wall street journal” сонинд дээрх мэдээлэл гарчээ.