Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг Хятадын Ухань хотын далайн бүтээгдэхүүний зах, шинэ төрлийн коронавирусийн талаар чухал мэдээлэл олжээ. Энэ тухай багын гишүүдийн нэг, байгаль орчны төрийн бус байгууллага болох EcoHealth Alliance-ийн тэргүүн, Британийн эрдэмтэн Питер Дассак Bloomberg-т ярьжээ. Түүний хэлснээр дээр дурдагдсан хүнсний зах коронавирусийн халдварын тархалтад ямар үүрэг гүйцэтгэсэн талаар "чухал нотолгоо" олдсон байна. Эл баримтыг 2-р сарын 10-наас өмнө олон нийтэд мэдээллэнэ гэж Дассак ярьжээ. ДЭМБ-ын шинжээчид Хятадын мэргэжилтнүүдтэй уулзан, олон судалгааны төвүүд болон бусад газруудад очиж үзсэн бөгөөд "болсон явдлын жинхэнэ бодит нотолгоонуудыг" цугларчээ.
Шинжээчдын баг тэдгээр баримт нотолгоонуудаа нэгтгэн харьцуулан дүгнэж байгааг Дассак тэмдэглэжээ. "Бид бүх баримт мэдээллийг нэгтгээд эдгээр нь юуг харуулж байна вэ гэдгийг дүгнэх бодолтой байна" гэж тэрбээр хэлсэн байна. Дассакийн үзэж буйгаар Уханийн далайн бүтээгдэхүүний зах “бүх юм нь гар хүрээгүй бүрэн бүтэн хэвээр”, " тэнд ажилладаг хүмүүс захыг яаруу сандруу орхисон” байжээ. Мэргэжилтнүүд тухайлбал зах дээр үлдээсэн бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг судалж үзсэн байна. Энэ нь юу болсныг сайтар ойлгохын эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа эрдэмтэн илэрхийлжээ. "Вакцин хүлээж байхдаа бид дэлхийн эдийн засгийн хямрал, аймшигт үхэлтэй байнга тулгарахгүйн тулд яагаад ийм үзэгдлүүд гарч байгааг ойлгохыг хичээх нь чухал юм" гэж Дассак онцоллоо.
ДЭМБ-ын шинжээчдийн баг коронавирусийн гарал үүслийг судлахаар Ухань хотод 1-р сарын 14-нд хүрэлцэн ирсэн юм. Тэд очсоныхаа дараа хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмд хамрагдаж, хятадын мэргэжилтнүүдтэй онлайн хэлбэрээр зөвлөгөөн явуулсан байна.
Өмнө нь ДЭМБ-аас анхны коронавирусын халдварын эх үүсвэрийг хайж олох ажлыг Ухань хотоос эхлүүлэх ёстой гэж удаа дараа мэдэгдэж байсан. Энэ үндсэн зорилгынхоо бэлтгэл ажлаар 2020 оны зун хоёр шинжээч БНХАУ-ыг зорьсон. Үүний үр дүнд шинжээчид болон Хятадын талаас "ДЭМБ удирдлага дор олон улсын багийн судалгаа, үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай" баримт бичгийг боловсруулжээ.