Cөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг дэмжсэн ажиллагаанд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг ОХУ-аас хөөх болсныг ГХЯ-наас нь мэдэгдлээ. Тэднийг итгэл үл хүлээх этгээд болохыг зарласан байна.
Уг шийдвэрийг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар буруушаажээ.
Ж.Боррель Москвад айлчилсан өдөр Оросын ГХЯ дээрх мэдээллийг хийсэн нь олон улсын анхаарлыг татав. Энэ нь “Та нар бидэнд хүний эрх, эрх чөлөөний тухай лекц уншдаг бол бид ч хүссэнээ хийж чадна. Та нар юу гэж бодох талаар бид санаа зовохгүй байна” гэсэн дохио хэмээн ВВС үзжээ.
Энэ сарын 2-нд А.Навальныйгийн хэргийг шүүх хуралд Швед, Польш, Герман тэргүүтэй 20-иод орны дипломатч оролцсон аж. Үүнийг тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг бөгөөд Оросыг тогтоон барих гэсэн Өрнөдийн хамтарсан хууль бус үйлдлийн илрэл гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн юм.