Microsoft компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс YouTube сувагийн Veritasium-т өгсөн ярилцлагадаа хүн төрөлхтөнд ямар үхлийн аюул заналхийлж байгааг урьдчилан хэлжээ. “Эхний аюул нь цаг уурын өөрчлөлт. Үүний улмаас жилд нас барах хүний тоо одоогийн цартахлын үеийнхээс ч давах болно” гэж Гейтс хэлсэн байна. Хоёр дахь, бүр аймшигтай аюулаар биотерроризмыг нэрлэжээ. “Хоёр дахь аюул бол биотерроризм. Хор хөнөөл учруулахыг хүсч буй хүмүүс вирусийг бий болгож болзошгүй. Тийм вирустай тулгарах магадлал одоогийн байгалийн тахал өвчнөөс ч илүү өндөр юм” гэж тэрбээр ярьжээ.
2015 онд Билл Гейтс одоогийн Covid-19 шиг амьсгалын замын вирус өвчний цар тахал дэгдэж болзошгүйг мэдэгдэж байсныг Daily Express сонин сануулжээ. “Хэрэв ойрын хэдэн арван жилд ямар нэгэн зүйлээс болж 10 сая гаруй хүний амиа алдахад хүрвэл энэ нь дайн биш, харин маш халдвартай вирус байх магадлалтай. Пуужин биш, харин микробууд ”гэж Майкрософт компанийн үүсгэн байгуулагч тухайн үед хэлж байжээ. Гэхдээ Гейтс 2015 онд хэлсэн зөгнөл нь биелж байгаад огтхон ч баярлахгүй байгаа аж. Вирусийн цартахлын тухайд яагаад ийм итгэлтэй байсныг асуухад Гейтс “Амьсгалын замын вирус олон байдаг бөгөөд тэд үе үе мутацид ордог. Амьсгалын замын өвчин нь маш аймшигтай өвчин. Учир нь та халдвар авсан үедээ гудамжаар алхаж, автобусанд сууж, онгоцоор аялдаг. Харин Эбола гэх мэт бусад өвчний хувьд гэвэл вирус бусдад халдвар тараах магадлалтай үед та ихэвчлэн эмнэлгийн орон дээр хэвтэж байдаг” хэмээн хариулжээ