Нийслэлийн эрүүл мэндийн газар 20,000 ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ нэг ширхэг амны хаалтыг 20,000 төгрөгөөр худалдан авна гэж тооцсон бололтой. Уг тендерийн зар баасан гарагт /2021.02.05/ tender.gov.mn сайтад байршсан бөгөөд даваа гараг /2021.02.08/ хүртэл материал хүлээн авах юм байна.
Тэгвэл дээрх асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Одоогоор энэ талаар тайлбар өгөх боломжгүй. Даваа гарагт манай байгууллага дээр ирж тодруулаарай" гэв.
N95 амны хаалтны үйлдвэрийн үнэ угтаа 1000 төгрөгөөс хэтэрдэггүй гэж иргэд хэлж байна. Нэг ширхэг амны хаалтад зарласан үнэ, материал хүлээн авах хугацаа зэргээс харахад тус тендерийн ялагч нь анхнаасаа тодорхой, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм.