Францад төсвийн байгууллагын ажилчид үндэсний хэмжээний ажил хаялт эхлүүлжээ. Энэ тухай France Presse агентлаг мэдээлэв. Ажил хаягчид цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж, цартахлын үед засгийн газраас явуулж буй "хайхрамжгүй" дэмжлэгийг шүүмжилж байгаа аж. Пүрэв гарагт эхэлсэн эл ажил хаялтыг Францын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн нэг болох Хөдөлмөрийн Ерөнхий Холбоо зохион байгуулжээ.Тэдэнтэй бусад үйлдвэрчний эвлэлүүд, оюутан, залуучуудын байгууллагууд нэгдсэн байна. Парисын гудамжаар олон мянган ажилтан жагсаж, хотын төвөөр алхаж, гартаа "Ажлын байр, цалин, ажлын цаг, тэтгэвэр. Нийгмийн хангамжийг сэргээцгээе" гэсэн бичиг барьсан байжээ. Жагсагчид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх үндэсний төлөвлөгөөний хүрээнд боловсрол, нийгмийн үйлчилгээнд илүү их хөрөнгө зарцуулахыг засгийн газартаа уриалсан байна. Жагсаал тайван болж өнгөрсөн байна.