Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан их хэмжээний зээл авсан гэх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг Улсын дээд шүүх прокурорын эсэргүүцлээр яг одоо хянан хэлэлцэж байна. Улс төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой үгсэн хуйвалдаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 (найман зуун сая) төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулcсан гэдэг. Тодруулбал, Б.Ундармаа, Б.Батзориг нар УИХ-ын гишүүний үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ундармаад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох)-т заасан гэмт хэрэгт 2020 оны тавдугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны зургадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ундармаад холбогдох хэргийг хэлэлцээд 2.6 жилийн ял оноож, төрд ажиллах эрхийг нь зургаан жилээр хязгаарлаж байв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ундармааг гэм буруугаа ухаарсан гэж үзээд 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн билээ. Улсын дээд шүүх Б.Ундармаагийн хэргийг яг одоо хэлэлцэж байна. Шүүхээс гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.