БНАСАУ тив хоорондын баллистик пуужин харвасан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-нийг тэмдэглэлт өдөр болгон, улсынхаа хуанлид оруулсныг “Kyodo” агентлаг уламжлав. “Цөмийн зэвсгээс ангижрах, хориг арга хэмжээг сулруулахаар АНУ-тай хийж эхэлсэн хэлэлцээнд нь ахиц дэвшил гараагүй учир тус улс цөмийн болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж буйг энэ үйл явдал харуулж болох юм” гэж тус бүс нутгийн шинжээчид үзэж байна. Хуанлийг БНАСАУ-ын компанид бүтээсэн ч БНХАУ-д хэвлэжээ. БНАСАУ уг өдөр цөмийн цэнэгт хошууг АНУ-ын аль ч цэгт хүргэх чадалтай пуужин харвасан. Үүний дараа удирдагч Ким Жөн Ун тус улсын цөмийн хүчнийг бүрэн байгуулснаа зарлажээ. Тэрбээр өнгөрсөн сард болсон Хөдөлмөрийн намын хуралдааны үеэр улсынхаа батлан хамгаалах чадавхыг улам бэхжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн билээ. Уг хуралдааныг сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа зохион байгуулсан юм.