Францад дунд сургуулийн багш Самюэль Патийг хөнөөсөн хэргийн дараа тус улс цагаач, дүрвэгсдийг хөөх маш хатуу байр суурьтай болсныг Гадаад хэргийн сайд нь хүлээн зөвшөөрчээ.
Сүмүүдэд шалгалт хийж, исламын шашныг гэгээрүүлэх чиглэлтэй болгох тухай яриа гарсны дараа эрх баригчид нь ийм шийдвэртэй алхам хийж эхэлсэн гэнэ.
Зарим дүрвэгч, цагаачийг албадан гаргаж буй талаар тус улсын сэтгүүлчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид сүүлийн хэдэн сар мэдээлж байна. Эх оронд нь ноцтой аюул хүлээж буй хүмүүс тэдний дунд бий. Жишээ нь, өмнө дурдсан хэрэг гарсны дараа чечень гаралтай Магомед Гадаев тогтсон журмын дагуу Цагдаагийн газарт бүртгүүлэхээр очжээ. Цагаачлалын хууль зөрчсөн учир 2019 оноос гэрийн хорионд орсон тэрбээр тогтмол бүртгүүлдэг аж. Гэтэл түүнийг энэ удаа саатуулж, албадан гаргах төв рүү шилжүүлсэн гэнэ. Энэ үеэр тэрбээр коронавирусээр халдварласан тул шүүх түүнийг эдгэртэл нь Францад байхыг зөвшөөрчээ. Мөн Гвинейн харьяат 18 настай Лайе Фоде Траоре албан шаардлагын улмаас нутаг буцах болсныг ажлынх нь газрын эзэн 50 настай тогооч Стефан Равакле эсэргүүцэн, өнгөрсөн сарын 3-наас өлсгөлөн зарлажээ. Ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тэрбээр эсэргүүцлээ үргэлжлүүлсэн гэнэ. Лайе Фоде Траоре хийлдэг завиар Газар дундын тэнгис гаталж ирэхдээ 16 настай, харгалзах хүнгүй байжээ. Түүнийг болон даргыг нь хамгаалсан цахим өргөх бичигт 240 мянга гаруй хүн, тэдний дотор Оскарын шагналт Марион Котийяр гарын үсэг зурсан байна. Үүний үр дүнд Траоре Францад үлдэх болж, Равакле түүнийг бүтэн цагаар ажиллуулах болжээ.