Багш нарын ур чадварын нэмэгдлийг энэ сарын 1-нээс олгож эхэлнэ гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр "Би сайдаар томилогдож ирэхдээ нэг зүйлийг хэлж байгаа. Энэ юу вэ гэхээр боловсролын салбарт ирж байгаа санхүүжилтийг зөв зүйлд зарцуулж байна уу, энэ мөнгө яг багшид очиж байна уу, яг хүүхэддээ зарцуулагдаж байна уу гэдгийг тодорхой болгох ёстой.
Энэ дагуу Сангийн сайдтай хамтарсан "Боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэл" ажлыг эхлүүлж байна. Багш нарын ур чадварын нэмэгдлийн гурван сайдын хамтарсан журам гарын үсэг зурагдалгүй удсан байсан. Үүнээс болоод төсөв дээрээ мөнгө нь байгаа мөртлөө журам нь батлагдаагүй учраас багш нар маань ур чадварын нэмэгдлээ аваагүй. Энэ сарын 1-ний өдрөөс ур чадварын нэмэгдлээ авна. Энэ бол ажлаа аваад зурсан миний анхны журам гурван яамны сайдын хамтарсан шийдвэр боллоо.
Ур чадварын нэмэгдэл бол багш нарын олон жил ярилцаж байгаад "Багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний асуудлыг үр дүнд нь суурилсан систем нэвтрүүлэх" ёстой гэсэн санал байсан. Багшийн хөгжлийн тухай хууль батлагдсаны дагуу үр дүнд суурилсан системийг багш нар дэмжсэн учраас хэн сайн багш нь цалингийн 10-25 хувийн нэмэгдэл авна. Ур чадварын нэмэгдлийн асуудал дээр одоо гомдохгүй шүү. Улстөр хийх хэрэггүй. Энэ аргачлалыг багш нар өөрсдөө сонгосон. Багш нар хэнийгээ илүү ур чадвартай вэ гэдгээ багаараа үнэлнэ. Үүнийг захирал мэдэхгүй, сайд мэдэхгүй зөвхөн багш нарын дундаас гаргасан баг үнэлэх ийм тогтолцоо руу шилжсэн" гэдгийг хэлэв.