УИХ-аас жилдээ хэдэн арван хууль баталж, хэрэгжүүлдэг. Харамсалтай ч цөөнгүй хууль амьдралд нийцэхгүй, ард иргэдийн эрхийг хамгаалах бус, дордуулдаг талаар иргэд шүүмжилдэг, эрх зүйчид ч хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Хууль тогтоомжийн хөгжлийг дэмжих дэд хороо, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, БНСУ-ын Күүкмин их сургууль хамтран "Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт ба шинэчлэл" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт, түүний шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулах, төрийн байгууллага, бодлогын судалгааны байгууллагын уялдааг хангах, хуулийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн хуульч, судлаач, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг хэлэлцүүлэг амжилттай өндөрлөв. Үр дүнд нь Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Үүний дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байна. Хуулийн төсөл санаачлах эрхтэй эрх баригчид өөрсдөө батлуулах гэж буй хуулийнхаа талаар ойлголт муу, ажлын хэсгийнхэн нь судалгаа шинжилгээ хийхээсээ илүүтэй, гадаадын сайн гэсэн жишгийг хуулж, хуульд “хавчуулдаг” гэх хардлага ч байдаг. УИХ-ын зарим гишүүн эхнээсээ Монгол Улсад хуулийн хэрэгжилт тун бэрхшээлтэй, хуулийн чанар болон хэрэгжилт, шинэчлэлтэд анхаарал хандуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, хуульчидтай хамтран ажиллаж эхэлсэн нь энэ юм.