Төрийн эргэлт болж, цэргийнхний мэдэлд шилжихээс хэдэн өдрийн өмнө Мьянмарт Олон улсын валютын сангаас коронавирусийн цар тахлын үед олгож буй яаралтай тусламжийн багцын хүрээнд 350 сая ам.доллар шилжүүлснийг “Reuters” агентлаг уламжлав. Яаралтай тусламж учир жирийн хөтөлбөр шиг шилжүүлсэн мөнгөө буцаах боломжгүй бөгөөд зарцуулах болзол тавьдаггүй учир Засгийн газарт уг хөрөнгийг хүссэнээрээ хуваарилдаг аж.
Мьянмарын цэргийнхэн Төрийн захиргааны зөвлөл гэдэг шинэ байгууллагатай болсныг “Myanmar times” сонин уламжлав. 11 гишүүнтэй зөвлөлийн тэргүүнээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаиныг томилжээ. Тэрбээр Үндсэн хуулийнхаа дагуу хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын бүрэн эрхийг эдлэх гэнэ.
“Facebook” компани Мьянмарын цэргийнхний хяналтад байдаг “Myawaddy” телевизийн хуудсыг хаажээ. Үүнд цэргийнхнийг дэмжсэн нийтлэл, тэдний мэдэгдлийг нийтэлдэг байв.
Мьянмарын цэргийнхэн өнгөрсөн даваа гарагт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, улс орноо хяналтдаа авсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан парламентын сонгууль шударга бус болсон учир ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн нь тайлбарлажээ. Тэд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи нарын олон зуун хүнийг баривчилсны сацуу 24 сайд болон дэд сайдыг огцруулж, санхүү, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалах салбарыг хариуцсан 11 албан тушаалтныг томилсноо мэдэгдсэн юм. Гэхдээ баривчилсан хүмүүсийнхээ олонхыг цэргийнхэн сулласан тухай “Xin¬hua” агентлаг мэдээлжээ.