Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, "Хөл хориойг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл хөл хорино. Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Анх удаа хийж байгаа болохоор алдаа, дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа гаргахгүй ажиллахыг зорьж, ажиллана. Өдөрт 42 мянган шинжилгээг хийнэ гэж төлөвлөж байна. Шинжилгээний цэгийг 73 цэгт байгуулна. Зарим тохиолдолд хөдөлгөөнт шинжилгээний газрыг ажиллуулна. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, зөөврийн ус, түлшний худалдан авалт, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг хүн зөвшөөрсөн цэгээс хүнсний худалдаа хийнэ. Тэр үед QR кодоо заавал уншуулна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүл, ойр дотны хүмүүс л оролцоно. Нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд 07:00-10:00, 17:00-20:00 цагт л явна. Айл хэсэхгүй, гэрээс гарахыг хориглоно. Ахуйн архидалтыг хязгаарлаж, хориглоно. Хяналт тавьж ажиллана. Хүнсний худалдаа хэвийн үргэлжилнэ. Банкны цахим машины үйл ажиллагаа ажиллана. Сайжруулсан түлшний цэгүүд хэвийн явагдана. Хөл хорины хугацаанд хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана. Хүнсний дутагдалд орно гэж санаа зовох зүйлгүй. хомсдолд орохгүй. Нөөц хангалттай бий. Хөл хорионы хугацаанд авто машинд QR код олгохгүй. Зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид ажлын газрын үнэмлэх, байгууллагынхаа тодорхойлолтоор хөдөлгөөнд оролцоно. Түүнд нь давхар хяналт тавьж ажиллах болно" гэлээ.