Г.Ганчимэг гэгч эмэгтэй өөрийн хамтран амьдрагч загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зодуулсан гэх мэдээлэл 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд тархсан билээ.
Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан.
Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар хоёрдугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газар уг зөрчлийн хэргийг шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.