Хар тэнгис дэх Оросын түрэмгийллийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден Москвад анхааруулснаас хойш хэдэн өдрийн дараа тус бүс нутаг дахь АНУ-ын тэнгисийн цэргийн флотын оролцоог өргөжүүлснийг “Time” сонин уламжиллаа.
Америкийн Тэнгисийн цэргийн хүчний залуурт пуужинтай, эскадрын мина тээгч “Портер” хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногийн эцсээр Хар тэнгист очсон байна. Энэ нь тус улсын “Дональд Кук” хөлөг онгоцтой нэгджээ. Тэдгээрийг шатахуун цэнэглэгч “Ларами” хөлөг онгоц дагалдан яваа аж. Эдгээр нь Хар тэнгист эргүүл, цэргийн сургуулилалт хийхээр очсон НАТО-гийн эвслийн бусад хөлөг онгоцтой нэгдсэн байна. Тийнхүү тус бүс нутаг дахь Америкийн тэнгисийн цэрэг 2017 оноос хойших хамгийн том бүрэлдэхүүнтэй болжээ. Энэ нь ОХУ-ыг Крымд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Бастион” системээ байрлуулахад хүргэсэн гэнэ. Мөн тус улсын Тэнгисийн цэргийн хүчин “Адмирал Макаров” зэрэг цэргийн хөлөг онгоцуудаа Хар тэнгист цэргийн сургуулилалт хийхээр илгээсэн байна. Сургуулилалтын үеэр агаар дахь байг илрүүлэн устгах, дайсны электрон харилцааг таслах гэнэ.
Хар тэнгист гарцтай зургаан улсын гурав нь буюу Турк, Румын, Болгар НАТО-гийн гишүүн. Харин Украин болон Гүрж тус бүс нутагт болдог НАТО-гийн сургуулилалтад байнга оролцдог аж. Зургаа дахь улс болох Орос 2008 онд Гүржийн хоёр бүс нутаг буюу Абхаз болон тэнгис орчмын мужийг өөртөө хавсаргахдаа (Үнэн хэрэгтээ хавсаргаагүй, Гүрж хүчээр хяналт тогтоохыг оролдсоны дараа Абхаз, Өмнөд Осети улсыг дипломатын хувьд хүлээн зөвшөөрсөн юм) Хар тэнгис дэх оролцоогоо өргөжүүлж эхэлжээ. Крымийг эзэлсний дараа Москва Севастополь боомт дахь Хар тэнгисийн флотынхоо хүчийг зузаатгах боломжтой болжээ.