Намнангийн Цэдэв хэмээх сайхан буурлын тухай дурсмаар байна. Бидэн хоёр харуул Алтайнхны үр сад, нэг нутгийнх юм сан. Хэдэн үеэрээ баруун хилээ манасаар ирсэн болохоор “Үзэхүйн үзүүр, харахуйн харуул болсон” хэмээн манай нутгийнхныг магтан өгүүлдэг билээ. Тахийн шар нуруу, Тамга гашуун, Хонин усны говь, цаашлаад өнөө хүний нутаг болсон Мичингийн уулаа хүртэл харж хамгаалж, нүүж бууж, манаж сахиж явсан Алтайн харуулынхныг нутгийн аялгаар “Алтана харуулынхан” гэдэг. Монголчууд 1990-ээд оноос ургийн овгоо сэргээхэд Н.Цэдэвийн ураг садан, ахан дүүс энэхүү түүхт нэршлийг авснаар “Алтан харуул” гэдэг шинэ овог Монгол Улсын ургийн бичигт нэмэгдсэн. “Харуулын Намнан”, “занги Намнан” гэж авгайлдаг нагац эцэг Намнан нь харуулынхны ахлаач байсан болохоор ийм овог авсан хэрэг.
Ах минь баруун хил дээр будилаан, самуун ихтэй, лам нарын бариа тавиа, хувьсгалт засгийн андуу эндүү бодлогын сураг чимээгээр чадалтай голдуу нь гадагш дүрвэж, нутагтаа үлдэгсэд хасгийн дээрэмчдийн хөлд түйвээлгэж байсан хэцүү цаг үе, 1935 онд одоогийн Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт нэгэн бичигт хадны ойролцоо эхээс мэндэлж, улмаар зах зэргэлдээ Бугат суманд өссөн хүн. 1962 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд нийслэлийн 18 дугаар сургуульд таван жил багшилж, хоёр ч анги дааж төгсгөөд сэтгүүл зүй рүү урвасан гэдэг. Бичигт хадны дэргэд эхээс мэндэлсэн хүү ийнхүү бичиг номын ажилтай зууралдан насыг элээх хувьтай байж. Тэрбээр олдой намайг нэхий өлгийнөөс хагацаж, ангархай өмдөнд шилжиж ядан байсан 1967 онд МАХН-ын Төв хорооны хэвлэл “Намын амьдрал” сэтгүүлийн ажилтан болж байж. 1990 онд төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониныг үүсгэн байгуулахад шилжин ирж, дараа нь Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Сонин хэвлэлтэй амьдралаа холбосон 40 жилийн хугацаанд олон арван сурвалжилга, тэмдэглэл бичиж, хэд хэдэн ном гаргасан ч угийн даруухан тэрбээр би ингэлээ тэглээ гэж сүржигнэлгүй аж төрж байгаад хувьхан заяаны томилолтоо нэр төртэй дуусгаад тэнгэрийн орондоо чимээгүйхэн дэвшжээ.
Би 1994 онд “Ардын эрх” сонины сурвалжлагч болохоосоо өмнө Н.Цэдэв гуайг сургаар мэддэг байв. Ажилд ороод танилцтал өтгөн хар хөмсөгтэй, үг яриа, явдал хөдөлгөөн намуун зөөлөн, зузаан бор хүн байх аж. Үе үе нэг сүрхий мушийж ирээд хөөрхөн ёргио үг хэлчихнэ. Уурлаж өрвөлзөнө гэж үгүй. Хэн нэгний хүсэлт гуйлтыг хөсөр хаяхгүй хөөцөлдөж, бүтсэн ч бүтээгүй ч хариуг нь заавал өгнө. Гарт нь үзэг, дэвтэр байнга бэлэн. Дарга удирдлагын үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, эргэж тайлагнана. Бүхэлдээ тэрбээр хариуцлага, бүр нарийвчлан тодорхойлбол итгэл байв. Монголчуудын эртнээс мөрдөөд энэ цаг үед хөсөр гээж орхисон “За” гэж хэлсэн л бол андгай мэтээр үзэж заавал биелүүлдэг сайхан чанарыг өөртөө нэвт шувт шингээсэн түүн шиг хүнтэй би амьдралдаа цөөхөн таарч дээ.
“Ардын эрх” тэр үед том ч сонин байлаа. Ажил жинхэнээсээ оволзож, сэтгүүлчид гэдэг омголон задгайдуу нөхөд дор дороо авир гаргаж, хэл ам таталж, уншигчдын гомдол санал хажуугаар нь нэрмээс болж, бачимдуу хүн бол галзуурмаар ажлыг Н.Цэдэв гуай нэг их түвэггүй зохицуулж, тэгэхдээ ер ажирсан шинжгүй байхыг хараад тэвчээр хүлээцийг нь гайхдаг сан. Хүн гэдэг амьтан тэр мэтийг хараад л өнгөрөх боловчиг далд ухамсарт нь үлгэр дуурайл авах сэдэл сэрэмж үлдэж хоцроод нас нэмж, ухаан суух тусам бага багаар амилан сэрдэг аж. Бусдын чулуудсан хорон хатуу үгийг аль болох сэтгэлийн хаалгаараа оруулалгүй өнгөрөөх, аливаад дүн нуруу алдахгүй дүнхийж суухыг хичээх ухаанд намайг өөрөө хэлээгүй ч зүгээр л байгаа байдлаараа үлгэрлэсэн хэдэн сайхан ах нарын минь нэг нь Н.Цэдэв гуай билээ.
Түүнтэй би хожим танилцсан ч ахан дүүсийг нь хар багаасаа мэднэ. Сумын заан Цэрэндамба гээд нэгэн сайхан эр сумын наадмын чимэг болж, бөхийн зүүний магнайг тэргүүлж, хурдан морио уралдуулж, өмссөн зүүсэн, бие хаа, намба донжоороо өөрийн эрхгүй нүд булаасан хүн байв. Хүүхэд байхдаа анзаарч мэдээгүй ч хожим сонсвол ёс төр мэддэг сайн найр ахлаач, хурдан морь, хөөрөг, гаанс гээд эр хүний нүнжиг илтгэх наймаанд одтой нэгэн байсан юм билээ. Дүнжмаа гээд заан цолтой ах чулуу ихтэй наадмын дэвжээн дээр тоос татуулан бахтай сайхан барилдаж, мань мэтийн нусаа гоожуулсан банди нарын амыг ангайлгаж, наадамчдыг өндөлзүүлж явсан торгон мөч олон. Лениний ботиудыг бүгдийг нь уншсан, их эрдэмтэй хүн гэж хүүхдүүд түүгээр ихэд бахархана. Олон ч жил манайхан айл саахалт амьдарсан. Алс хол Алтайн баруун хязгаарын бөглүүхэн суманд миний хүүхэд насны ядуухан дурсамжийг чимж асан тэр хоёр эрхэм Н.Цэдэв гуайн дүү байсныг хожим хойно л мэдсэн.
Н.Цэдэв гуай залуу халуун насны аагаар исмэл мэт сагаж яваа нэгний алдааг ахын ёсоор учирлан ойлгуулахдаа бусдын дэргэд хэзээ ч хэлдэггүй, зөвхөн өөрт нь л хэлдэг хүнлэг нэгэн байлаа. Багш, сурган хүмүүжүүлэгч мэргэжил нь үүнд нөлөөлдөг байсан биз ээ.
Нэг удаа “Манай нэг хүү уг нь гэрэл зургийн сургууль төгссөн юм. Фото сурвалжлагч мөн ч сайхан ажил шүү. Даанч өөр чиглэлээр явчихлаа” гэж хүү Ц.Цолмонгийнхоо тухай харамсангуй ярихад нь аргагүй л салбартаа хайртай хүний үг юм даа хэмээн бодож, намайг малын эмч гэдэг сайхан мэргэжил эзэмшээд нутагтаа амьдар гэж ээж минь зөвлөхөд зөрж зүтгэсээр сэтгүүлч болсноо эргэн санаж үрээ гэх эцэг, эхийн сэтгэлийн тухай бяцхан сентименталь дурсамжид автсан минь өнөө ч тодхон санагдана. Том охиноо ОХУ-д хэвлэлийн дээд сургуульд сургасан нь бас л түүний хэвлэл мэдээллийн салбартаа хайртайн нэг илэрхийлэл байх.
Нэг удаа Н.Цэдэв гуайтай утсаар ярихад “Ах нь сүүлийн үед шүлэг бичдэг болоод байгаа” гээд мөнөө л даруухан зангаараа намуухнаар инээж байсан. Уран бүтээлч хүний дэврүүн сэтгэл нь насны намраас үл ажран нутаг ус, хань ижил, анд нөхөд, ажил үйлсийнх нь тухай яруу мөртүүд болон бодлын гүнээс үерлэн буусныг уншаад яалтгүй төрөлхийн уран бүтээлч, бичиг номын заяанд төрсөн хүн юм даа гэх бахархал төрж билээ. Буга хайрхан, Алаг хайрхан, Аж Богд, Алаг нуур, Бижийн гол, Индэрийн гол, Бичигт хад, Хавцгайт гээд хөглөгөр Алтайнхаа уул усыг магтан дуулсан, бахдан дээдэлсэн, санан тэмүүлсэн шүлгүүдээс нь нутаг сэтгэл, хувь хүнийх нь мөн чанар болсон зөөлөн уянга шууд үнэртдэг билээ.
Ургийнх нь туганд байх “АХ” гэсэн хоёр үсэг “Алтан харуул” нэрийн товчлолоос гадна эхээс төрсөн нутгийнх нь тэргүүн өндөр Аж хайрхан, өсөж бойжсон сумынх нь шүтээн уул Алаг хайрхан хоёрыг давхар илэрхийлсэн гурвал утгатай юм гэсэн. Монголчуудын гурамсан сэтгэлгээг ургийнхаа туганд ийнхүү бөхлөн шингээсэн нь үр хойчис минь үеийн үед тулгын гурван чулуу мэт бат тогтвортой оршино гэсэн холч цөлх ухааных нь илрэл аж.
Ийм л сайхан хүмүүнтэй нэгэн цаг үед амьдарч, алтан сургаалыг нь сонсож явсан азтай хүн дээ, би.
Урианхан Б.ГАЛААРИД