Ижил хүйстэн хос, ганц бие хүмүүст нөхөн үржихүйн технологи ашиглах эрх олгодог био ёс зүйн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан Францад болов. Жагсаалыг зохион байгуулсан “La Manif pour tous” нийгэмлэгийнхний мэдээлснээр тус улсын ЭМЯ-ны дэргэд 5000 орчим хүн цуглаж, уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзахыг эрх баригчдаасаа шаарджээ. Эсэргүүцлийн үеэр олон хүн гартаа “Эрх чөлөө, эрх тэгш байдал, эцэг, эх байх эрх”, “Илүү сайхан дэлхийг хүсэж байна” гэсэн бичиг бүхий зурагт хуудсууд барьсан байв. Жагсагчдын нэг хэсэг нь хиймлээр үр тогтоохыг бүрмөсөн хориглох хэрэгтэй гэж үзсэн бол нөгөө нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтээ албан ёсоор батлуулсан тохиолдолд энэ үйл явцыг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Ийм жагсаал, цуглаан нийслэл Парисаас гадна Лилл, Бордо, Анжер, Ренн, Страсбург, Лион, Дижон, Коньяк зэрэг олон хотод болсон байна. Францын Сенат өнөөдөр дээрх хуулийн төслийг хэлэлцэх аж.