Өчигдөр буюу Даваа гарагт /2021.02.01/Мьянмар улсад цэргийнхэн төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Жи нарыг баривчлан тус улсад нэг жилийн хугацаатай онц байдал тогтоогоод байгаа юм. Үүний зэрэгцээ засгийн газрын гишүүд болон бусад удирдах албан тушаалтнуудыг баривчилжээ. Rueters агентлагын мэдээлснээр одоо цэргийнхэн парламентын гишүүдийг саатуулаад байгаа аж. Мьянмарын зэвсэгт хүчний ачааны машинууд парламентын хуралдааны үеэр гишүүдийн амьдардаг орон сууцны хорооллыг бүслэн гишүүдийг байрнаасаа гарахыг хоригложээ. Тус улсад интернет тасалдаж, улсын телевизийн сувгуудыг хаасан байна. Дэлхийн улс орнууд Мьянмар дахь нөхцөл байдалд санаа зовж асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж байна. Өнөөдөр буюу Мгямар гарагт /2021.02.02/ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Мьянмар дахь нөхцөл байдлын талаар хуралдах болсон тухай Их Британиас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Барбара Вудворд хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв. Их Британи улс 2-р сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байгаа аж. "Бид Мьянмарын талаар энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж байсан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан хэлэлцүүлгээ Мягмар гарагт хийхээр тохиролцлоо" гэж Вудворд хэллээ.