Цар тахлын үед хүүхдүүдийн сурах эрх хамгийн их зөрчигдөж буй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүртээмжгүй, ойлгомжгүй теле хичээлээс болж хохирч байна. Хараагүй, сонсголгүй бүү хэл, эрүүл саруул хүүхэд ч теле хичээлээ ойлгохгүй, сургалтын хөтөлбөрөөс маш их хоцорч байгаа нь нууц биш. Хэдхэн сар үргэлжилсэн танхимын сургалтыг эс тооцвол өнгөрсөн хавраас эхлэн өдий хүртэл сурагч, оюутнууд цахимаар хичээллэсээр. Өнгөрсөн намар сургуулийн босго алхаж, долоон эгшиг, хэдхэн гийгүүлэгч үсэгтэй дөнгөж “танилцсан” сурагчдын цөөнгүй нь одоо ч үг холбож уншиж чадахгүй, ганц өгүүлбэр алдаагүй бичиж мэдэхгүй байна. Ийм байхад хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээл, сургалт улам хоцрогдсон нь ойлгомжтой. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн яриа болон “Нээлттэй нийгэм форм” ТББ-аас гаргасан судалгааны тайлан баталж буй. Гэтэл БШУЯ, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд нүдэн балай, чихэн дүлий суусаар.
Дээрх төрийн бус байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд теле хичээлд хэрхэн хамрагдсан болон асуудал бэрхшээл юу байгааг судалжээ. Хүүхдүүдийн боловсролын асуудалд эцэг, эхийн оролцоо ямар байгааг асуухад судалгаанд оролцогчдын 39 хувь нь хичээлд ач холбогдол өгч, багштай нь холбоотой ажилладаг гэсэн байна. Харин үлдсэн хувь нь хичээлийн агуулгыг ойлгодоггүй, ээлжийн ажилтай тул хүүхдэдээ тусалж чаддаггүй гэж хариулсан аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, зарим айлд телевиз байхгүй учир теле хичээл үздэггүй гэжээ. Судалгаанд оролцсон өрхийн 25 хувь нь даун, 23 хувь нь аутизм, 25 хувь нь сонсгол, зургаан хувь нь хараа, үлдсэн нь бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байж. Сонсголгүй хүүхдүүдийн олонх нь теле хичээлийн дохионы орчуулагчийн дүрс хэт жижигхэн тул хардаггүй, дохио зангаа нь ойлгомжгүй, сургалтын агуулга зөрүүтэй гэж хариулжээ. Теле хичээлийг хэдийгээр дохионы хэлмэрчийн тайлбартай явуулж буй ч бодит байдалд хүүхдүүдэд ямар ч өгөөжгүй, ойлгомжгүй байгаагийн баталгаа нь энэ. Тиймээс сонсголгүй хүүхдүүдийн олонх нь теле хичээл үздэггүй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн адил теле хичээл үздэггүй гэнэ. Тэдний төлөөлөл, харааны бэрхшээлтэй хүүхэдтэй Х.Мөнгөнцэцэгтэй холбогдсон юм. Тэрбээр “Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн нэгдсэн групп фэйсбүүкт бий. Тэнд эцэг, эхчүүдийн бичиж буйгаас үзэхэд харахад хараагүй хүүхдүүд теле хичээлд огт хамрагдаж чадахгүй байна. Хэдийгээр зурагтаар багш нарын яриаг сонсож байгаа ч самбар дээр юу бичиж буйг харахгүй тул ойлгодоггүй. Өнгөрсөн жил харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сонсдог ном өгсөн.
Үүний тусламжтайгаар зарим хүүхэд багшаасаа даалгавар авч, бие даан хийж байгаа. Түүнээс теле хичээлээ ойлгохгүй учир үздэггүй. Манай хүү 1-5 дугаар анги хүртлээ 116 дугаар сургуульд сурсан. Тавдугаар ангиас нь энгийн сургалттай хувийн сургуульд сургаж эхэлсэн. Одоо наймдугаар анги. Бид хоёр теле хичээл хийх гэж үзсэн. Гэвч хүү минь “Багш ингэж, тэгж зур, бич гэхээр тэрийг нь харахгүй учир ойлгохгүй юм” гээд үзэхээ больсон. Багш нь “Zoom” программ болон ангийн групп чатаар дамжуулан хичээлээ зааж, даалгавар өгч байгаа. Телевизээр хичээл зааж байгаа багш нар харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч үздэг гэсэн ойлголтгүй учир “Энийг хараарай, дагаад хийгээрэй” гэдэг. Үүнийг нь хараагүй хүүхдүүд ойлгохгүй тул хичээлээсээ хоцорч байгаад эцэг, эхчүүд маш их санаа зовж байна” гэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангах, теле хичээлийг тэдэнд хэрхэн ойлгомжтой байдлаар хүргэж болох талаар БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэгээс тодруулахад “Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 10 000 гаруй хүүхэд бий. Тэдний 60 гаруй хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг.
Сонсгол, хараа, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд үндсэн хөтөлбөрийн дагуу теле хичээл үзэж байна. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж дохионы хэлээр хичээлийг тайлбарлаж байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд хичээлээ сонсоод хийх боломжтой. 29 болон 116 дугаар тусгай сургуулийн багш нар сурагчидтайгаа нэгбүрчлэн холбогдож, хичээлд нь анхаарах ёстой. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан монгол хэл, математик, нийгэм ахуйн баримжаа гэсэн гурван хичээлийг теле хэлбэрээр явуулж байна. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж Боловсролын хүрээлэнгээс дасгал ажлын дэвтэр боловсруулж дууслаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд эцэг, эхийн оролцоо чухал учир тэдэнд зориулсан зөвлөмжийг ойрын хугацаанд цахимаар хүргэнэ. Теле хичээлийг эцэг, эх болон багшийн тусламжтайявуулахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжгүй байгаа нь үнэн” гэв.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг хүн харахад теле хичээлийг сонсголгүй хүүхдүүдэд зориулсан нэртэй ч агуулга, утга санааны хувьд ойлгомжгүй байгааг олон эцэг, эх шүүмжилсэн. Тухайлбал, Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал О.Амаржаргал теле хичээл өгөөжгүй, ойлгомжгүй байгаа талаар ярьсан юм.
Тэрбээр “Дохионы хэлмэрч хичээлийг сайн тайлбарладаггүй, хурдан дохихын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сургалтууд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хичээлээс агуулгын хувьд хол зөрүүтэй. Хүүхдүүд өмнө нь үзээгүй, шинэ хичээл зааж буй учир сайн тайлбарлахгүй бол ойлгохгүй. Теле хичээл зааж буй багш нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч ойлгуулж чаддаггүй. Хэлмэрч нь орчуулгын түвшинд л ажиллаж байна. Тухайлбал, дохиж байгаа үг, өгүүлбэрээ сайн тайлбарлахгүй учир хүүхдүүд утгыг нь ойлгодоггүй. Багшийн самбарт бичиж байгааг харах гэхээр дохионы дүрсээ харж амждаггүй” гэв. Түүний хүү өвчний улмаас сонсголгүй болсон бөгөөд одоо 29 дүгээр сургуулийн 10 дугаар ангид сурдаг аж. Эцэг, эхчүүд ихэвчлэн дохионы хэлийг хүүхдээсээ сурдаг байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, бодлого хэрэгтэйг тэрбээр сануулсан. Аав, ээжүүдийн олонх нь хүүхдэдээ монгол хэлний хичээлийг нь хуулуулахаас өөрөөр математик, физик, химийн хичээлийг ойлгуулж чаддаггүй, дохиж заахад ч бэрхшээлтэй байдаг талаар хэлэв. Тэдний нэг нь Н.Дэлгэрмаа. Түүний хоёр охин нь сонсголын бэрхшээлтэй ч боловсролд нь анхаарч, бага хүүхдээ тусгай сургуулиас нь шилжүүлэн, тэгш хамруулах сургалтын хүрээнд ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд сургажээ. Тэрбээр “Теле хичээлийн дохионы хэл ойлгомжгүй тул хүүхэд үзэх сонирхолгүй байна. Богино хугацаанд маш шахуу заадаг учир дараа нь нөхөж үздэг. Гэхдээ хуулж бичихээс өөрөөр ойлгохдоо тааруу. Өдөр бүр теле хичээл үзсэн, эсэхээ багшдаа явуулах учир арга буюу ингэж өөрсдийгөө хуурдаг. Охиноо энгийн сургалттай сургуульд шилжүүлснээс хойш хичээлдээ хоцрох нь гайгүй болсон. Ангид нь өөр нэг сонсголгүй хүү хамт сурдаг. Тэдэнд хичээлийг нь дохионы хэлээр зааж ойлгуулдаг багш бий” гэлээ.
Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр дагнан мэргэшсэн Б.Намираатай холбогдсон юм. Тэрбээр АНУ-д амьдарч буй бөгөөд тухайн улс коронавирусийн үед сонсголгүй хүүхдүүдийн боловсрол, сургалтад хэрхэн анхаарч буй талаар “АНУ-д сонсголгүй хүүхдийн хэдэн зуун тусгай сургууль байдгаас 80 шахам нь дотуур байртай. Эдгээр нь сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол эзэмшүүлдэг цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. АНУ-ын 50 муж улс нь бие даасан засаг захиргаатай тул харьяалал бүхий сонсголгүй хүүхдийн цогцолбор сургуулиудын үйл ажиллагааг хэрхэн явуулахыг тухайн хот, мужид цар тахал хэр их тархсанаас шалтгаалан харилцан адилгүй арга хэмжээ авч байгаа. Ихэвчлэн зайнаас буюу онлайнаар сургалтаа явуулж буй ч эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан үзэж, тодорхой тооны хүүхдийг танхимаар хичээллүүлж байна. Зайнаас сургалт авч байгаа хүүхдүүдэд “iPad” үнэгүй тарааж, хичээлдээ “Zoom” программ ашиглах боломжийг нь хангахаас гадна сургалтын биет материал, хэрэглэгдэхүүнийг долоо хоног бүр шуудангаар илгээдэг” гэж ярив.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, тэр дундаа хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд өсөх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх эрх ноцтой зөрчигдсөөр ирсэн. Цар тахлын энэ үед ч тэдний эрх зөрчигдсөөр байгаа нь харамсалтай. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй 10 000 гаруй хүүхэд бий гэх. Энэ бол бага тоо биш юм. Тэдэнд анхаарал хандуулах, сурах эрхийг нь хангах бодлого дутагдаж байна.